
Суданы арми ойрын хугацаанд чухал мэдээлэл хийнэ гэж зарлалаа. Үүнтэй зэрэгцээд нийслэл Хартумаас цэргийн эргэлт гарсан тухай мэдээлэл ирж байна. Мөн Ерөнхийлөгч Омар аль-Башир болон түүний хүрээллийн өндөр албан тушаалтнуудыг саатуулсан талаар “Аль-Хадах” теле суваг мэдээллээ. Харин “Аль-Машад” теле суваг Омар аль-Баширыг хил даваад гарчихсан гэж мэдээлж байна.
Саатуулагдсан хүмүүсийн тоонд Ерөнхийлөгчийн гвардийн удирдагч, түүнчлэн Батлан хамгаалахын сайд асан Абдель Рахим Мухаммед Хусейн нар орж байна. Мөн эрх баригч “Үндэсний конгресс” намын тэргүүн Ахмед Харун, Суданы Дэд Ерөнхийлөгч асан Али Осман Таха нарыг саатуулжээ. Тахагийн хувьд эсэргүүцэгчдийн эсрэг “сүүдрийн батальон”-оо ашиглана гэж сүрдүүлж байсан юм.
Энэ мөчид нийслэл Хартумын гудамжинд хэдэн мянган хүн гарч жагсаж байна. Тэдний олонх нь армийн ерөнхий командлалын төв байрны үүдэнд жагсчээ. Цагдаа нар үзэгдэхээ больж, Хартумын олон улсын нисэх онгоцны буудлыг хаасан байна. Суданд ажил хаялт өнгөрөгч бямба гарагаас хойш үргэлжилж байгаа юм. Нийслэлд армийн нэмэлт анги нэгтгэлүүд хуягт техниктэйгээ орж иржээ.
Дашрамд дурдахад, Суданы Нэгдүгээр дэд ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд Авад бен Ауфын удирдлагатай Цэргийн зөвлөл нэг жилийн хугацаатайгаар төрийн эрхийг авахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл үүнээс өмнөхөн гарсан юм. Албан бус мэдээллээс үзэхэд, цэрэг армийнхан Ерөнхийлөгч Омар аль-Баширыг түлхэн унагаж, цэргийн эргэлт хийсэн гэжээ.
Армийн удирдлагууд Омар аль-Баширын оролцоогүйгээр армийн ерөнхий командлалын хаалттай хуралдаанаа явуулж, Ерөнхийлөгч Омар аль-Башир болон түүний туслахууд, мөн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргасан гэж эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн “Аль-Маяадин” суваг мэдээлсэн байна. Удахгүй нийслэлийн дагуул хот Омдурманд байрладаг төрийн телевиз, радиогоор мэдээлэл хийхээр зэхэж байна. Энэ үеэрээ шилжилтийн үед улс орныг удирдах цэргийн зөвлөлөө байгуулсан тухай зарлаж магадгүй гэж шинжээчид тэмдэглэж байна. Төрийн радио, телевиз өдгөө энгийн нэвтрүүлэг, мэдээллээ цацахгүй, үндэсний хөгжим, цэргийн марш эгшиглэж байна гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.
Судан улсад АНУ-аас хориг тавьж, 2011 онд Өмнөд Судан улс тусгаарласнаас хойш эдийн засгийн хямрал нүүрлэсэн. Үүнтэй холбоотойгоор ард түмний эсэргүүцэл дөрвөн сарын турш үргэлжилж байгаа юм. Ард иргэд өнгөрсөн 12 дугаар сард талх, түлшний үнийг бууруулахыг шаардаж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж байсан бол яваандаа Суданыг 30 жилийн турш удирдаж байгаа Омар аль-Баширын улс төрийн дэглэмийг унагахыг шаардах болжээ. Энэ хугацаанд 60 жагсагч амиа алдаж, хэдэн зуун хүн шархадсан, мөн хэдэн мянган иргэнийг баривчлан хорьсон гэж сөрөг хүчнийхэн болон хүний эрхийг хамгаалагчид мэдээлж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд жагсагчид Хартум дахь армийн Ерөнхий штабын байрны үүдэнд жагсаж, цэрэг армийнхныг ард түмнийхээ талд гарч, Ерөнхийлөгчөө огцруулахыг уриалжээ.
Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр л гэхэд Суданы нийслэлд сөрөг хүчний жагсаал зохион байгуулагдаж, хууль хүчнийхэн жагсагчидтай мөргөлдсөний улмаас зургаан цагдаа, таван энгийн иргэн амиа алджээ. Сүүлийн гурван өдрийн дотор Суданд 21 хүн амиа алдаж, 153 хүн шархадсан тухай Суданы эмч нарын төв хорооноос мэдээлсэн байна.
Суданы арми ойрын хугацаанд чухал мэдээлэл хийнэ | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.