
Швейцарийн Холбооны үндэсний эдийн засгийн хангамжийн газар кофег стратегийн нөөцөөсөө хасах санал гаргалаа. Кофе нь нөөц бүрдүүлэх шалгуураар амьдралд зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн биш гэж тус газраас үзсэнийг Швейцарийн Засгийн газрын сайтад мэдээлсэн байна.
Тухайлбал, кофе нь илчлэггүй гэдгээрээ энэ шалгуурт орж байгаа юм. Түүнчлэн кофены нийлүүлэлттэй холбоотой үүсэх эрсдэл бага гэж үнэлэгджээ. Учир нь кофены үрийг гурван тивд тариалдаг. Бүтэн жилийн турш ургац авах боломжтой гэж Швейцарийн холбооны үндэсний эдийн засгийн хангамжийн газар тэмдэглэжээ. Харин Швейцарь улсын засаг захиргаа энэ асуудлаарх эцсийн шийдвэрээ ирэх 11 дүгээр сард гаргана.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр Швейцарь улс кофены нөөц бэлтгэдэг компаниуддаа жил бүр 2.7 сая ам.доллар төлдөг байна. Тэдгээр компанийн кофе хадгалах үүрэг 2022 оны сүүлчээр дуусна. Өдгөө “Нестле”-г оролцуулаад Швейцарийн 15 компани дайн, байгалийн гамшиг, тахлын үеэр кофены хүрэлцээгүй болсон үед хэрэглэх нөөцийг хадгалдаг юм. Нөөцөнд 15.3 мянган тонн кофе байгаа нь онц байдлын үед гурван сар хэрэглэх нөөц гэнэ.
Швейцарь улс 8.5 сая хүн амтай. Тус улсын нэг иргэн жилд дунджаар 9 килограмм кофе хэрэглэдэг нь АНУ-ын иргэдээс хоёр дахин их гэсэн үг юм.
Кофег стратегийн нөөцөөсөө хасах санал гаргалаа | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.