Шууд Chart

Жереми Хант: Жулиан Ассанж бол баатар биш

2019-04-12 10:45:12

Их Британийн Цагдаагийн газар Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд долоон жилийн турш бүгсэн “Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг өчигдөр баривчиллаа. Тэд Эквадорын засаг захиргааны зөвшөөрлөөр 47 настай австрали эрийг саатуулсан байна.

Жулиан Ассанжийг 2012 онд Вестминстерийн хотын шүүхээс гаргасан зарлан дуудах хуудсаар шүүхэд ирээгүй гэх шалтгаанаар саатуулжээ. Тухайн үед шүүхээс Жулиан Ассанжийг бэлгийн хүчирхийллийн хэргээр саатуулж, Шведэд шилжүүлэхээр төлөвлөж байсан юм. Гэтэл Жулиан Ассанж батлан даалтад гарсан үедээ Лондон дахь Эквадорын Элчин сайдын яаманд бүгсэн юм. Түүний хувьд Швед улс түүнийг “Викиликс”-ийн хэргээр АНУ-д шилжүүлнэ гэж болгоомжилжээ.

Ийнхүү долоон жилийн дараа түүнийг баривчилсан нь дэлхий даяар дуулиан тарьсан мэдээлэл болоод байна. Харин одоо түүнд холбогдох хэргийг Саусуоркийн Хатан хааны шүүхэд шилжүүлэх юм байна. Гэхдээ Вестминстерийн хотын шүүхээс тавдугаар сарын 2-нд Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэх асуудлаар урьдчилсан шатны сонсгол явуулна. Энэ үйл явц нэлээд хэдэн сар үргэлжлэх төлөвтэй байгаа юм.

Жулиан Ассанжийг баривчлах тухай мэдээлэл анх Их Британийн Засгийн газраас гарсан. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентад үг хэлэх үеэрээ “Их Британи улсад хэн ч хуулиас гадуур байж болохгүй” гэж хэлжээ. Түүнчлэн Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант австрали эрийг баатар болгож авч үзэх хэрэггүй гэжээ. Тэрбээр “Жулиан Ассанж бол баатар биш. Хэн ч хуулиас дээгүүр байж болдоггүй. Тэр олон жил үнэнээс нуугдаж ирсэн. Жулиан Ассанжийг үнэний шүүхийн өмнө зогсооход Форин оффистой хамтран ажилласан Эквадор улс болон Ерөнхийлөгч Ленин Моренод баярлалаа” гэж мэдэгдсэн байна.

Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Мореногийн хувьд Жулиан Ассанжийн түрэмгий, хүндэтгэлгүй хандлага, Өмнөд Америкийн энэ улсын эсрэг дайсагнасан мэдэгдэл хийдгээс болж түүнийг хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй болсон тухай мэдэгджээ. Гэхдээ Кито Лондонгоос “Викиликс”-ийг үүсгэн байгуулагчийг цаазын ял оноох улсад өгөхгүй байх баталгаа авсан гэсэн байна.

Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Хууль зүйн яамнаас Жулиан Ассанжийг шилжүүлж өгөх хүсэлт гаргасан гэдгээ баталлаа. Тус яамнаас “Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг АНУ-ын Засгийн газарт хамаарагдах компьютеруудад хадгалагдаж байсан мэдээллийг авах зорилгоор хуйвалдаан зохион байгуулсан гэсэн ял тулгаж байгаа юм. Жулиан Ассанжийг өнгөрсөн оны гуравдугаар сараас энэ асуудлаар буруутгаж эхэлсэн байна.

Жулиан Ассанжийг саатуулснаас хойш хэдэн цагийн дараа Вестминстерийн хотын шүүхэд хүргэжээ. Түүнийг батлан даалтын нөхцөлөө зөрчсөн хэргээр Их Британид хэдэн долоо хоногоос хэдэн сарын хугацаагаар хорих төлөвтэй байна. Үүний дараа түүнийг АНУ-д шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Шүүхээс АНУ-ыг зургаадугаар сарын 12-ноос өмнө түүнийг шилжүүлэх тухай баримтаа гаргаж өгөх ёстой гэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Жереми Хант: Жулиан Ассанж бол баатар биш  
Үзсэн: 1427 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй