Шууд Chart

Дональд Трамп, Мүн Жэ Ин нар уулзав

2019-04-12 15:54:41

"Умардын удирдагчтай дахин уулзахад бэлэн. Гэхдээ хоригоо цуцлахгүй" гэж АНУ-ын тал мэдэгдлээ. Вашингтонд айлчилж байгаа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай пүрэв гарагт уулзлаа.

Энэ үеэр Цагаан ордны тэргүүн Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай дахин уулзахад бэлэн. Гэхдээ Пехньянд тавьсан хоригоо хэвээр үлдээх болно гэсэн байна. 

“Гурав дахь удаагийн уулзалтыг зохион байгуулж болно. Энэ бол шат дараатай ажил. Хурдан түргэн хийчих зүйл биш. Өмнө нь би энэ талаар хэлж байгаагүй. Энэ бол алхам алхмаар хийх зүйл" гэж Дональд Трамп хэлснийг хэвлэлд иш татжээ.

Уулзалтын эхэнд түүнийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй хамт хэвлэлийнхний өмнө товч мэдээлэл өгөх үеэр сэтгүүлчид Умард Солонгосын эсрэг хориг шахалтаа зөөлрүүлэх эсэхийг нь лавлахад “Мүн Жэ Ин бид хоёр хүмүүнлэгийн асуудлаар, мөн Өмнөд Солонгосын талаас Умардад хүнсний туслалцаа үзүүлж болох талаар зөвлөлдөх гэж байна” гэж Дональд Трамп хариулсан байна.

Мөн “Хоёр Солонгосын тэргүүнтэй гурван талт уулзалт хийж болохыг үгүйсгэж няцаасангүй” гэж хэвлэлүүд мэдээлсэн байна. Хоригийн тухайд тэрбээр “Бид хоригоо тогтмол чангатгасаар байж болох байсан. Гэхдээ энэ цаг үед тийм зүйл хийхийг хүсэхгүй байна” гэж нэмж хэлсэн байна.

Харин Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ханойн уулзалтыг бүтэлгүйтсэн гэж үзэхгүй байгаагаа хэлснээс гадна Умард Солонгосын цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах Дональд Трампын эцсийн зорилготой санал нэгдэж байна гэжээ.

Мөн АНУ, Умард Солонгосын гурав дахь удаагийн дээд хэмжээний уулзалт ойрын үед болно гэсэн өөдрөг бодолтой байгаагаа Мүн Жэ Ин хэлсэн байна. Уулзалтын дараа Өмнөд Солонгосын талаас гаргасан албаны мэдэгдэлд ч тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчид хандан Ким Жон Унтай дахин уулзалт хийхэд чиглэсэн түлхэц үзүүлнэ гэж хэлснийг дурджээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дональд Трамп, Мүн Жэ Ин нар уулзав  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй