Шууд Chart

Украин улс авлигын эсрэг шүүхтэй боллоо

2019-04-12 16:29:12

Авлигын хэргүүдийг шийдвэрлэх зорилготой тусгай шүүх байгууллага байгуулсан талаар сонгуулийн хоёр дахь шатанд тунаж үлдсэн Украины Ерөнхийлөгч Петро Порошенко зарлалаа.

Олон улсын валютын сангийн 3.9 тэрбум долларын зээлийн хүрээнд байгуулж байгаа авлигын хэргийг хянаж шийдвэрлэх энэ шүүх авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэрийг улс төрийн дарамт шахалт, хээл хахуулиас гаргах зорилготой гэжээ.

“Шүүхийн шүүгчдийг сонгон шалгаруулахад долоон сарын хугацаа орсон” гэж Петро Порошенко ярьсан байна. Мөн тэрбээр “Өнөөдөр бид бүхэн үр дүнгээ үзэж, шинэ шүүх байгууллагын 38 шинэ шүүгч үүргээ гүйцэтгэж эхэллээ. Тэдэнд амжилт гаргах хөшүүрэг, хэрэгсэл нь бий. Шүүх засаглалын шинэчлэл тэдэнд хууль тогтоогчид болон гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчөөс ангид байх боломж олгосон” гэсэн байна.

Украины тав дахь Ерөнхийлөгч Петро Порошенко өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд болсон сонгуулийн эхний шатанд 16 хувийн санал авч, хоёрдугаарт орсон. Түүний өрсөлдөгч шинэхэн улс төрч Владимир Зеленский 30 гаруй хувийн саналтай тэргүүлж байгаа юм. Пүрэв гарагт зарласан нэгэн санал асуулгын дүнгээр Петро Порошенко энэ сарын 21-нд болох хоёр дахь шатны сонгуульд Зеленскийд ялагдах магадлалтай дүн гарчээ.

2014 оны сонгуульд 55 хувийн саналаар гарч ирсэн тэрбээр сүүлийн таван жилд Европтой харилцаагаа сайжруулах, Оросоос хараат бус байхад чиглэсэн ажлууд хийсэн. Гэвч авлига хээл хахууль, Украины төрийн сангаас хулгайлагдсан хөрөнгөний асуудлыг илчилж чадаагүйг хэвлэлүүд сануулж байна.

Түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш Украины Үндэсний авлигын эсрэг товчоо, Авлигын эсрэг тусгай прокурорын газар гэж байгуулагдсан ч эдгээр байгууллагын эрх мэдлийг хязгаарладаг авлигын эсрэг тусгай шүүх байгууллага байхгүй байжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Украин улс авлигын эсрэг шүүхтэй боллоо  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй