Шууд Chart

Ж.Даваадорж: Монгол морь “Аравт” уралдаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ

2019-07-31 17:46:59

Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Аравт" морин цэргийн олон улсын уралдаан ирэх сарын 3-нд эхэлнэ. Тэр дундаас "Аравт” уралдаанд ашиглагдах морьдыг арчлах, шаардлагатай эмчилгээ хийх үүргийг ахмад Ж.Даваадоржоор ахлуулсан мал эмнэлгийн бүлгийн зургаан эмч хариуцаж байна. Тэд уралдааны цэгүүдэд ашиглагдах морьдод өглөө, оройд үзлэг хийж, шаардлагатай эмчилгээг цаг бүрт хийж байгаа юм.

Энэ талаар ахмад Ж.Даваадорж хэлэхдээ “Аравт”-д ашиглагдах морьдыг сонгохдоо малын эмч нарын үзлэгт тэнцсэн, монгол адууны стандарт, үзүүлэлтийг хангасан эсэхийг нь харгалзаж авсан. Догшин, зантай морьд голдуу байсныг нь Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн алба хаагчид номхруулж, уналга эдэлгээнд ашиглах боломжтой болголоо. Мэдээж уналга эдэлгээнд бага ашиглагддаг, хээрээр голдуу бэлчиж байсан адуунд огцом ачаалал өгөхөөр доголох, улдах хүндрэл эхэндээ гарсан. Одоо бол сургалт дадлагадаа дасаад харьцангуй гайгүй болсон. Нэгэнт морьд маань 130 км бүхий холын маршид явах учраас бид гурван үе шаттайгаар тамир тэнхээ оруулах витамин болон паразитын эсрэг эмчилгээ хийсэн. Монгол морь энэ уралдаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ. Буудлагаас бусад бүх төрөл морьтой явагдах учраас бидний зүгээс тамирчдад унаж яваа морио хайрлах талаар яриа таниулгыг алхам тутамдаа хийж байна” гэсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ж.Даваадорж: Монгол морь “Аравт” уралдаанд хамгийн чухал үүрэг гүйцэтгэнэ  
Үзсэн: 1601 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй