
Байгаль орчин ногоон хөгжлийн сайд тушаал гаргаж агнуурын зарим амьтдыг агнах, түүхий эдийг түүж бэлтгэх, экспортлохыг түр хугацаагаар хориглолоо. Сүүлийн жилүүдэд бэлчээрийн хөнөөлт мэрэгчдийг өсөх үржихээс сэргийлдэг хярс, үнэг, тарваганы тоо толгой багасч байна. Тиймээс мэрэгчдийг биологийн аргаар зохицуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор шар үнэг, хярс, тарвага агнахыг хориглосон хугацааг гурван жилээр сунгалаа.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хууль бус агнуур буурахгүй байгаагийн улмаас тал хээрийн саарал чонын тоо толгой багасч байна. Тийм учраас эдгээр аймагт ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар чоно агнах хугацааг мөн гурван жилээр сунгав. Энэ хугацаанд агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, агнуурын бүс нутгийг эзэнтэй болгох, чонын тоо толгойг өсгөх арга хэмжээ авах үүргийг аймгийн Засаг дарга нар хүлээжээ.
Монгол орны барагшуны нөөц, тархац хомсдож байна. Монгол Алтайн барагшун нь Барагчин төрлийн оготны бүлийн ялгадсын олон жилийн хуримтлалаас биологийн болон орчны хүчин зүйлийн нөлөөгөөр бүрэлдэн тогтсон байгалийн эрдэс хуримтлал аж. Барагшун үүсэн бүрэлдэх үйл явц нь хэдэн зуун жилээр үргэлжлэх учраас бага нөөцийг хамгаалахын тулд үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, түүхийгээр гадаад улсад экспортлохыг таван жилийн турш хориглов. Харин барагшун гадаадад гаргах зөвшөөрөл аваад гаргаж амжаагүй аж ахуйн нэгжийг тавдугаар сарын 1-ний дотор гадаадад гаргахыг зөвшөөрлөө.
2012-2013 онд байгалийн жамаар унасан халиун бугын түүж бэлтгэсэн 30 тонн ясан эврийг гадаадад экспортложээ. Увс, Завхан, Төв аймгаас бугын ясан эврийн ихэнхийг түүж бэлтгэдэг аж.Уг нь хуулиар жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 10 хүртэл байгалийн жамаар унасан халиун бугын ясан эврийг түүж, худалдахыг хуулиар зөвшөөрдөг байна. Гэхдээ 2014 оны хавар, зуны улирлын эхэн сард хуурайшилт их байх магадлалтай тул ой, ойт хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хаврын нөхцөлд амьтны байршлыг алдагдуулан үргээхээс сэргийлэх зорилгоор дээрх хугацаанд түүж, худалдахыг түр хязгаарлалаа.
Чонын тоо толгойг өсгөхийг үүрэг болголоо | ||
Үзсэн: 1473 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.