Шууд Chart

Ц.Идэрбат: Монгол Улс төмсний үрийн нөөцөө дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь бүрдүүлдэг болно

2026-08-31 15:08:10

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн хавар хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчдийн бүсчилсэн уулзалтыг зохион байгуулах үеэрээ салбарын сайдын хувьд ирэх 2027 онд Монгол Улс улаанбуудай, төмсний үрийн нөөцөө дотооддоо бүрдүүлэх тал дээр онцгой анхаарна гэдгийг хэлж байв. Тиймээс өнгөрсөн амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутагт ажиллахдаа үр тариа, төмсний үр үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээр орж, нөхцөл байдалтай нь танилцсан юм.

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд үйл ажиллагаа явуулдаг “Элит үр” ХХК Монгол оронд өргөн тариалдаг Герман гаралтай “Гала” сорт болон эрт болцтой “Solist” сортын төмснөөс гадна Монгол Улсын Гавьяат агрономич С.Нямжавын гаргаж авсан “Сэлэнгэ-5” шинэ сортын төмсийг тариалдаг. Тус компани өөрийн үр үржүүлгийн лабораторийг Улаанбаатар хотод байгуулсан бөгөөд улсын хэмжээнд тарьж ургуулж байгаа элит үрийн 80 хувийг дангаараа гаргаж байгаа гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад танилцуулсан.

Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд Монгол Улсын хүнсний хэрэгцээнд хангадаг “Гала” сортын үрийг үйлдвэрлэдэг. Жилдээ 80-100 орчим тонн төмсний үр үйлдвэрлэж, газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлж байна. 

Манай оронд 1960-аад оны үеэс сорт судалгааны ажил эхэлж, төмсний селекцийн ажлын эхлэл тавигдсанаар үрийн аж ахуйн тогтолцоо бүрдсэн байна.

Түүнээс хойш “Шийр-6”, “Завхан-35”, “Хонгор” зэрэг сортууд гаргасан бол сүүлийн үед “Атар-1”, “Атар-2”, “Атар- 35”, “Хонгор-2” сортуудыг селекцийн аргаар бий болгожээ. Нэг сорт гаргахад 12-15 жилийн хугацаа шаардагддаг байна. Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид дэвшилтэт технологи ашиглан энэ хугацааг богиносгох, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй сортууд гаргаж авахыг зорьж байгаа аж. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монгол Улс төмсний үрийн нөөцөө 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр бүрдүүлдэг болох ёстой гэдгийг онцолж, энэ хүрээнд үр үржүүлгийн аж ахуйг дэмжих, Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн туршилт, судалгаанд шаардлагатай техникийг шинэчлэх асуудлыг шийднэ гэдгээ илэрхийлсэн юм.


Ц.Идэрбат: Монгол Улс төмсний үрийн нөөцөө дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь бүрдүүлдэг болно  
Үзсэн: 23 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй