
Эргэн сануулахад, Монголын үндэсний музей, АНУ-ын Питтсбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг 2012 оноос хойш хэрэгжүүлж, эд өлгийн ховор дурсгал илрүүлсэн. Тэгвэл өнөөдөр тус судалгааны багийг Монголын талаас удирдсан Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас судалгааны багийг ахалсан доктор Жулиа Кларк тэргүүтэй археологич, судлаачид дээрх ховор олдворуудыг олон нийтэд дэлгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тонуулчид металл хайгч ашиглаж, үнэ цэнэтэй гэсэн зүйлсийг авч явсан байсан
Энэ үеэр Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан “Бид 2016 он хүртэл хүрэл, төмрийн түрүү үеийн бууц суурин, буган хөшөө, хиргисүүрийн судалгаа хийсэн. Ийн 2017 онд нутгийн иргэдтэй угсаатны зүйн ярилцлага хийх явцад Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн өндөр настан “Тонуулчид Хоригийн ам уулыг ухсан нүх, овоолсон шороогоор дүүргэлээ” гэж хэлсэн юм. Бид хэлсэн газарт нь шууд очиход хэдэн арван булшийг тонож сүйтгэсэн байсан. Судалгааны баг тухайн газарт ажиллах археологийн зөвшөөрөлгүй байсан учир малтлага хийгээгүй. Харин археологийн судалгааны зөвшөөрлөө аваад нэг жилийн дараа ухсан нүх, булшийг дахин нягтлан шалгах, тонуулчдын овоолж хаясан шороог шигших, үлдсэн зүйлийг цуглуулах ажлаа эхлүүлсэн. Ийн 2018 онд Хориг уулын хойд хяр дахь 26 булшийг бүрэн шигшиж, тонуулчдын ухсан нүх, олдворыг сэргээсэн. Тонуулчид металл хайгч ашиглаж, үнэ цэнэтэй гэсэн зүйлсээ авч явсан байна лээ. Гэхдээ археологийн судалгаанд хүн, малын хугархай яс маш их үнэ цэнэтэй. Учир нь энэ төрлийн олдвор олон төрлийн мэдээлэл хадгалж байна. Үүнээс гадна дөрөө, амгай гэх мэт адуу, малын тоноглол, торгоны тасархай зэрэг олдвор цуглуулж чадсан.
Мөн мөнх цэвдэгт хадгалагдаж хоцорсон дөрвөн ваарын гурав нь өрөм, нэг нь дүүрэн шар тостой байсан. Бид хугацаа алдсан бол цэвдэг хайлж, өрөм, шар тос муудах байлаа. Судалгааны баг 40 хоног ямар ч амралтгүй ажиллаж, бүх булшийг шигшиж, авран хамгаалах ажиллагааг явуулсны дүнд дээрх олдворуудыг олж, гаргаж чадсан” гэв.
Дараагаар нь АНУ-ын талаас судалгааны багийг ахалсан, доктор Жулиа Кларк "Бид 800 жилийн өмнө амьдарч байсан 5-6 орчим настай хүүхдийг маш хүндлэлтэйгээр оршуулсан булш олсон. Гэвч хулгайч, тонуулчид булшийг хөндөж, ясыг нь хаа сайгүй тараасан байсан нь үнэхээр харамсалтай. Соёлын өвийг хамгаалах нь зөвхөн нэг байгууллагын ажил биш. Төр засаг, олон нийтийн хамтын ажиллагаа маш чухал. Соёлын өвийг устгаж буй гэмт хэргийн эсрэг олон нийт хамтран ажиллах шаардлагатай" гэсэн юм.






















Жулиа Кларк: Хулгайч, тонуулчид булшийг хөндөж, ясыг нь тараасан байсан | ||
Үзсэн: 5258 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.