Шууд Chart

Монголд шувуу ажиглах аяллыг системтэй, бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй

2019-09-07 17:39:48

Нийслэлийн IV сургуулийн сурагчдад шувуу ажиглах, дурандах хэрэгсэл бэлэглэлээ

Уг өдөрлөгийг Хятадын олон улсын шувууны өдөрлөг байгууллагын санал болгосноор Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Байгаль орчны газар, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Монголын шувуу судлалын нийгэмлэг, Монголика трэйвел компани зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Монголд үржиж, Хятадад өвөлждөг нүүдлийн шувууд болон бусад суурин шувууг судлах, хамгаалах, сурталчлахад хоёр орны иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, залуу үеийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцогч байхыг дэмжих, хоёр орны судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, шувуу ажиглах аяллыг хөгжүүлэх зорилготой дээрх өдөрлөгт шувуу судлах, хамгаалах, сурталчлах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, байгууллагууд оролцож байна. Түүнчлэн дээрх өдөрлөгийн нээлтийн үеэр БНХАУ-ын талаас нийслэлийн IV сургуулийн сурагчдад шувуу ажиглах, дурандах хэрэгсэл бэлэглэлээ.

Мөн тус өдөрлөгийн хөтөлбөрт шувуу ажиглах аялал, гэрэл зураг авах, шувуутай холбоотой багаж, тоног төхөөрөмж танилцуулах, гар болон гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдэд зориулсан олон талт үйл ажиллагаа багтсан юм.

С.Гомбобаатар: Шувуу ажиглах аялал эдийн засгийн асар их үр өгөөжтэй

Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөгийн нээлтийн үеэр МУИС-ийн профессор, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал С.Гомбобаатараас цөөн асуултад хариулт авлаа

-Хоёр орны хамтарсан шувууны анхдугаар өдөрлөгийн талаар мэдээлэл өгөөч?

“Нэг бүс, нэг зам” хөтөлбөр сүүлийн жилүүдэд өргөн хүрээтэй хэрэгжиж байна. Энэ үйл ажиллагаа нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны түвшнээс гадна байгаль хамгааллын хүрээнд хэрэгжиж байгаа юм. Монголд өндөглөдөг, үрждэг шувууд Зүүн өмнөд Ази, ялангуяа Хятад руу нүүдэллэдэг. Дэлхийд есөн нүүдлийн зам байдгаас гурав нь Монгол орныг дайрч өнгөрдөг. “Нэг бүс, нэг зам” хөтөлбөр шувуу хамгаалалтай онцгой холбоотой.

Монголд 513 зүйл шувуу бүртгэлтэй байдаг. Үүний 80 гаруй хувь нь нүүдлийн амьдралтай. Харин Монгол, БНХАУ, Өмнөд Солонгос улс шувуудын нүүдлийн нэг зам дээр байрладаг. Тиймээс шувуу судлах хамгаалах үйл ажиллагаа нь зөвхөн нэг орны үйл хэрэг бус хамтын ажиллагаа байх ёстой. Энэ хүрээнд Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөгийг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд урд хөршөөс шувуу судлах, хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй судлаач, ажиглагч, Монголын талаас 50 орчим байгууллагын төлөөлөл оролцож байна. Энэ өдөрлөгөөр дамжуулж шувуу хамгаалах ажлыг нийтэд тэр дундаа хүүхэд залууст сурталчлах, мэдлэг мэдээлэл өгөхөөр зорьж байгаа.

-Өдөрлөгийн хөтөлбөрт ямар арга хэмжээ багтсан бэ?

-Лекц, семинар, шувуу хамгаалах талын хэлэлцүүлэг болохоос гадна оюутан залууст мэдлэг мэдээлэл өгөх арга хэмжээ багтсан. Цаашлаад өдөрлөг дууссаны ард Монголын 10 гаруй, БНХАУ-ын 20 гаруй шувуу судлаач, ажиглагч Монгол орны шувууны нүүдлийн томоохон зам буюу Өгий нуур, Хустайн нуруу, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар гэсэн маршрутаар шувуу дурандах аялал хийнэ.

-Шувуу дурандах, ажиглах аялал ямар ач холбогдолтой вэ?

-Маш олон төрлийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, мэргэжлийн түвшинд зөв зохион байгуулвал эдийн засгийн асар их үр өгөөжтэй, асар том зах зээл. Монголд энэ төрлийн аяллыг хөгжүүлэх боломж бий. Гэхдээ системтэй, бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй.

Харин аялагчдад ямар сайн талтай вэ гэхээр шувуу ажиглаж буй багийн гишүүн бүр тэгш эрхтэй байдаг. Тиймээс хөгшин залуу, дарга цэргийн ялгаа гардаггүй. Богино хугацаанд найзалж нөхөрлөдөг, хамтдаа хөгждөг. Мөн шувуу ажиглах аялалд явж буй хүн ямар нэг шувууг ажиглах, зургийг нь авах гэж олон км алхахдаа ядарснаа мэдэрдэггүй. Тиймээс хөдөлгөөний дутагдал, жингийн илүүдэл ихэсч буй өнөө үед эрүүл мэндэд маш их тустай. Түүнчлэн аялагчдын ажигласан, зургийг нь авсан шувууг бүртгэлжүүлж, судалгааны эргэлтэд оруулдаг учир шувуу хамгаалах ажилд маш том дэм тус болдог. Үүнээс гадна ухаалаг гар утас, компьютерын хэрэглээнээс үүдэн хүүхэд залуусын хараа муудаж байгаа. Харин шувуу ажигласнаар нүдний хараа сайжирдаг. Яагаад гэвэл шувуу нэг зайдаа байдаггүй. Тиймээс Монголын шувуу судлалын нийгэмлэг, МУИС-ийн багш судлаачид, Монголика трэйвел компани өөрийн орондоо шувуу ажиглах аяллыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх тал дээр сүүлийн 10 орчим жил эрчимтэй ажил хийж байна.

Жан Цун Шу: Монголд байдаг, ажиглах боломжтой бүх л шувууг харахыг хүсэж байна

БНХАУ-аас дээрх өдөрлөгт оролцохоор ирсэн судлаач, шувуу ажиглагчдын бүрэлдэхүүнд “Cun can xin байгаль орчин хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Жан Цун Шу багтсан юм. Түүний сэтгэгдлийг сонслоо.

-Монгол Улсад ирээд төрсөн сэтгэгдлээ хуваалцаач?

-Би Монголд анх удаа ирж байна. Монгол оронд ирэхэд цэлмэг тэнгэр шууд нүдэнд туссан. Мөн өнөө өглөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд маш олон шувуу харсан. Хотын төвд олон төрлийн шувуу байгаа нь маш сайхан санагдлаа. Шувуу ажиглагч, судлаачдын авдаг хамгийн сайхан мэдрэмж бол өөрийн очиж байгаагүй байгальтайгаа танилцаж, тэндхийн шувуудыг ажиглаж, таньж мэдэх. Монгол, БНХАУ хамтран шувууны анхдугаар өдөрлөг зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Мөн хоёр орны шувуу ажиглагч, судлаачдад танилцах, туршлага солилцох болоод цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх маш том завшаан тохиож байна.

-Та хэдий үеэс шувуу дурандах аялалд оролцож эхэлсэн бэ. Хэдэн орны шувууны өдөрлөгт оролцов?

-2004 оноос хойш гэхээр 15 жил шувуу сонирхож, ажиглаж байна. БНХАУ-д шувууны өдөр тогтмол болдог. Тэр бүгдэд оролцдог. Харин энэ удаагийн арга хэмжээ Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөг гэдгээрээ маш онцлогтой. Азийн оронд болон Европт шувууны өдөрлөг маш олон тоогоор болдог. Би Сингапур, Малайз, Тайван, Хонконгт болсон өдөрлөгт оролцсон. Манай оронд шувуу ажиглах сонирхолтой нэг сая гаруй хүн бий. Тэдний ихэнх нь Монголд ирж шувуу ажиглахыг хүсдэг. Мөн Монголд ямар шувуу байдаг, танай оронд ирснээр хэдэн зүйлийг шувууг харж, ажиглах боломжтой талаар судалдаг. Тиймээс би Монголд байдаг, ажиглах боломжтой бүх л шувууг харахыг хүсэж байна.









































Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголд шувуу ажиглах аяллыг системтэй, бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй  
Үзсэн: 3098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй