Шууд Chart

“Монгол хэлцийн тайлбар толь”, “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үгс” номын хурим боллоо

2019-09-09 17:04:10

Улс орны мэдлэгийн хөгжлийн суурь нь ардын мэдлэг болохын хувьд түүний илэрхийлэл - мэргэжлийн үгийг судалж бичсэн гэдгээрээ “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үгс” маш онцлог ном аж. Мөн ардын гар урлал, сурвалж бичиг дэх мэргэжлийн үгийн жишээ баримтаар уламжлалт үгсийг баяжуулж, монголчуудын шинжлэх ухааны тусгай үг хэллэгийн арвин баялаг уламжлалтай тэрхүү үгсийг шинжлэх ухаан, техник технологи хөгжсөн өнөө үед ч олон нийтийн үг хэлний хэрэглээнд хэрэглэж болох тухайд уриалснаараа дэвшилттэй юм. Түүнчлэн даяаршлыг тунхаглан зарласан өнөө үед монголчууд өөрийн гэсэн мэргэжлийн үгийн уламжлалтай, аль ч цаг үед түүнийгээ дээдлэн, эх хэлээ "мэдлэг шингэсэн хэл" хэмээн үзэхийн чухлыг тус бүтээлд тэмдэглэжээ.

Харин “Монгол хэлцийн тайлбар толь” бүтээлд монгол хэлц үг хэллэг, зүйр цэцэн үгийн эмхэтгэл зэрэг ном бүтээл, толь бичигт орсон хэлц хэллэгийн арвин баялаг сангаас монгол уламжлалт ахуй хийгээд, мал маллагаатай холбоотой өвөрмөц болон хэвшмэл хэллэгүүдийг түүвэрлэн оруулжээ. Эл толь хоёр бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт 151 өвөрмөц хэллэг, хоёрдугаар бүлэгт 99 хэвшмэл хэллэг, нийт 250 хэлц хэллэгийг багтаасан. Хэллэг бүрийн шилжсэн утга, шууд утга, утгын далд бүрдүүлбэр, хэрэглэгдэх байдал, дүйх ойролцоо утгат хэлц зэргийг хамруулсан. Хэлц бүрийн бүрэлдэхүүнд орсон уламжлалт ахуй, мал маллагаатай холбоотой үгийн шууд утгыг монгол хэлний их тайлбар толийг ашиглаж, хураангуйлан тайлбарлажээ. Шууд утгаар илрэх танин мэдэхүйн агуулгыг илүү анхаарч, холбогдох зан үйл, ёс уламжлалтай холбож утгын далд бүрдүүлбэрийг задлан тайлбарласан. Мөн тухайн хэлцийг ямар нөхцөл шалтгааны улмаас, ямар үед, хэнээс хэнд зориулж, ямар өнгө аясаар, хэрхэн хандаж хэлдэг зэрэг хэрэглэгдэх байдлыг товч өгүүлсэн байна. Цаашлаад зурмал болон гэрэл зургаар зарим хэлц хэллэгийн утга агуулгыг нэмэн дэлгэрүүлсэн нь уламжлалт монгол ахуйгаас хол хөндий амьдарч буй хүүхэд залуус, хэн бүхэнд ойлгоход тус дөхөмтэй болжээ.

Б.Золжаргал: Монгол хэлэнд хэдийн хэвшсэн хэрнээ одоо хэрэглэгдэхээ больсон олон үг бий

Дээрх хоёр номын нээлтийн ёслолын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Золжаргалаас цөөн асуултад хариулт авлаа.

-“Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үгс” номынхоо нээлтийн ёслолыг хийж байгаад тань баяр хүргэе. Энэ номын агуулга, ач холбогдлын талаар мэдээлэл өгөөч?

-Монгол хэлэнд хэдийн хэвшсэн хэрнээ одоо хэрэглэгдэхээ больсон олон үг бий. Гэтэл тухайн үгийг гадаад болон орчуулгын үгээр орлуулан ашиглаж байна. Тиймээс монгол хэлээрээ ярьж, монгол үгээ ашиглаж байгаасай гэсэн үүднээс энэ номыг бүтээсэн. Мөн XVII зууны судар бичгээс одоо хэрэглэж болох мэргэжлийн үгсийг эрж, хайж номондоо багтаасан байгаа.

-Таны номонд хэчнээн уламжлалт мэргэжлийн үг багтсан бэ?

-Ганц жишээ дурдахад, оёдол дотроо маш олон төрөлтэй. Энэ бүх төрлийг хөвөрдөх, шаглах, хавах, хөвөх зэргээр ялгаж өгсөн үгс байсаар байтал бид оёх гэдэг ганц үгээр төлөөлж ярьдаг, ойлгодог болсон. Гэтэл Монгол хэлэнд оёх гэдэгтэй холбоотой 50 гаруй үг байдаг. Сүүлийн үед зиг заг оёдол гэж ярих болсон. Энэ үг хүрээгээ тэлж “Зиг заг суудлын бүрээс”, “Зиг заг компани” гэж ярьж байна. Гэтэл монгол хэлэнд энэ үгийг нохой шүдчилэх оёдол гэдэг. Энэ мэт оёдолтой холбоотой 50 гаруй, дархан, мужааны 100 гаруй үг “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үгс” номонд багтсан байгаа.

-Монгол хэл хэчнээн тооны үгтэй вэ. Сүүлийн жилүүдэд монгол хэлний үгийн баялаг хэр хэмжээгээр цөөрсөн бэ. Мөн “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үгс” ном хэзээнээс борлуулагдах вэ?

-Монгол хэлний үгийн сан болон хэдий хэрийн үг мартагдаж байгаа талаар нарийвчлан хийсэн судалгаа, тоо баримт хараахан байхгүй. Гэхдээ хуучин үгийг хэсэг хугацааны дараа ахин хэрэглэх, утга нь өөрчлөгдөж, хэрэглэгдэх тохиолдол бий. Энэ тухай манай номонд багтсан байгаа. Тухайлбал, сүүлийн үед хүйтэн зууш гэдэг үгийг түлхүү хэрэглэх болсон. Энэ орос хэлнээс махчлан орчуулсан үг. 1966 онд Улсын нэр томьёоны комисс энэ үгийг зөөг зууш хэмээн томьёолсон. Зөөг гэж халуун ч биш, хүйтэн ч биш хүн идэхэд тохиромжтой цай, хоолыг хэлдэг.  Номны тухайд өнөөдрөөс эхлэн номын дэлгүүрт тараагдаж байгаа.

















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Монгол хэлцийн тайлбар толь”, “Ур ухаан тэлэх уламжлалт мэргэжлийн үгс” номын хурим боллоо  
Үзсэн: 6216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-10 08:54
Золоодоо баяр хүргэе. Ажил, амьдрал, цааш цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье. Мундаг шүү

Бидэнтэй нэгдээрэй