
Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Хуралдаанд нийслэлийн харъяа байгууллагын дарга нар болон удирдах албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нар болон 152 хорооны Засаг дарга нар оролцов. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар мэдээллээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 32 агентлаг, Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот болон төсөвт байгууллагуудаас авч нэгтгэн, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд 94 үүрэг даалгаврын хэрэгжилтийн дундаж үзүүлэлт 85.5 хувийн гүйцэтгэлтэй байна.
Нийслэлд хэрэгжиж байгаа барилга угсралт, их засвар, зураг төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудын явцад тавих хяналтыг нэмэгдүүлж, хугацаандаа дуусаагүй төсөл арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнг тооцож хариуцлага алдсан байгууллагуудад арга хэмжээ авах ажлын хүрээнд улс, нийслэл болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 512,7 тэрбум төгрөгийн батлагдсан төсөвт өртөг бүхий 902 төсөл, арга хэмжээний үзүүлэлт 82,8 хувийн гүйцэтгэлтэй байна. Туул голын эрэг дагуу иж бүрэн тохижилт бүхий нийт 22 орчим км явган хүний зам, дугуйн зам бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлыг аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. Мөн дүүрэг бүрт хөл бөмбөгийн талбай байгуулах болон нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжинд иргэд амарч зугаалахад зориулсан иж бүрэн тохижилтын ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд, Налайх дүүргийн Эрдмийн оргил, Голомт сургуулийн хашаанд, Багануур дүүрэг 3-р хороо "Оюуны эрин" цогцолбор сургуулийн гадна, Баянгол дүүрэг 4-р хороо 20-р сургуулийн гадна,Багахангай дүүрэг 1-р хороо "Хангай" цогцолбор сургуулийн гадна хөл бөмбөгийн талбай байгуулах ажлын зураг төсвийг боловсруулсан байгаа” гэв.
Дараагаар нь Нийслэлийн Засаг даргын орлогч, Агаарын бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлсэн үгэндээ “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах нь бүх шатны төрийн албан хаагч бүрийн үүрэг, тиймээс сайжруулсан түлш түгээлт, хүргэлтийн асуудалд дүүргийн болон хороодын засаг дарга нар анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай байна” гэв.
Сайжруулсан түлш түгээлтэнд дүүрэг, хорооны Засаг дарга нарыг анхаарч ажиллахыг үүрэг болголоо | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.