
Уг судалгааны ажлыг дээрх сумдын 39 цэгт хийснээр 2019-2020 оны бэлчээрийн даацын мэдээ гаргах, сумдын удирдлага уг мэдээг үндэслэн малын өвөлжилт, хаваржилтын ажлыг зөв зохион байгуулах, хадлан тэжээл бэлдэх, мал сүргийн тоог анхаарах, отор нүүдэл хийх, даац их хэмжээгээр хэтэрсэн, өвс ногоо муутай сум, багийн малыг хил залгаа аймаг, сумын нутагт отроор оруулж өвөлжүүлэх, хаваржуулах зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад ашиглаж болох аж. Түүнчлэн зэрэгцээ сум, орон нутгийн бэлчээрийн төлөв байдлын тайлан мэдээ гаргахад шаардлагатай мэдээллийн сан бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Мөн эл судалгаа ирэх өвөл тухайн өвөлжөө, хаваржаанд хэдэн толгой мал өвөлжүүлж болох, аль сум багт отрын нүүдэл хийх зэрэг ахуйн болон эдийн засгийн чухал мэдээллийг өгдөг учраас эко клубын сурагчид цаашдаа малчдад хандсан сурталчилгааны ажлыг хийхээр төлөвлөжээ.
Тэгвэл эко клубын сурагчдын бэлчээрийн судалгааны дүн эхнээсээ гарчээ. Тухайлбал, Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн, 50 орчим хувьд дунд зэргийн зуншлагатай гэв. Энэ зуны байдлаар 4-6 сард хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас их орсноор бэлчээрийн ургамлын ургалт эрт цухуйж, зуншлага хэвийн болох нөхцөл бүрдсэн боловч зарим нутагт нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал тачир сийрэг байгаагаас нэгжийн ургац муу, өндөр уулын сумдаар сэрүүн байснаас зуншлага оройтсон учир ургамлын бүтээмж гүйцээгүй байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл, Манхан сумын багуудын нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар гаргахад,
-17 хувь нь (бэлчээрийн нөөцтэй)
-50 хувь нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
-17 хувь нь 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
-16 хувь нь 500 хувиас дээш (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан.
Манхан сумын дүнгээр нутгийн 20 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 50 орчим хувь нь 1-3 дахин хэтэрсэн, нийт нутгийн 30 гаруй хувьд бэлчээрийн даац гурваас дээш олон дахин хэтэрч гарсан нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн боломж муутай тул өөр нутагт отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зөв зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Түүнчлэн сум, багийн дүнгээр авч үзвэл, Манхан сумын төвийн Төгрөг гол багийн бэлчээрийн даац олон дахин, Баянгол багийн даац 3-5 дахин, Тахилт, Улаанхүрээ, Ботгон багийн нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан дүнтэй байна. Харин Зэрэгийн гол дагуу нутгаар бэлчээрийн даац хүрэлцээтэй ба бага хэмжээний нөөцтэй гарчээ.


Эко сурагчид бэлчээрийн судалгаа хийж, даац хэтэрснийг анхааруулав | ||
Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.