
Чили улсад засгийн газраа эсэргүүцсэн иргэдийн тэмцэл өрнөж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсээд байгаа. Үүнээс үүдэн НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын чуулган болон Ази Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны дээд хэмжээний уулзалтуудыг Чили улс зохион явуулах төлөвлөгөөнөөсөө ухарч байгаа тус улсын ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Ази-Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны /АПЕК/ дээд хэмжээний уулзалт ирэх сарын 16-17–ны өдрүүдэд Чилийн Сантьяго хотод болох төлөвлөгөөтэй байсан юм. Үүнээс гадна НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “COP25” уулзалт мөн Чилид 12-р сарын 2-оос 13-ны хооронд зохион байгуулагдах төлөвтэй байсан. Гэвч Чилид улсад өрнөөд байгаа жагсаал, тэмцлээс үүдэн эдгээр уулзалтуудыг зохион явуулах төлөвлөгөөгөө цуцалж байгааг тус улсын ерөнхийлөгч Себастьян Пиньера учирласан байна.
Тэрээр ийм шийдвэрийг гаргаж байгаадаа харуусч буйгаа илэрхийлсэн ч Чилийн засгийн газар нийгэмд дэг журмыг ахин сэргээх асуудлыг нэн тэргүүнд тавьж байгааг хэлжээ. АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жинь Пин нар оролцохоор байжээ. Чилид улсад болох байсан уулзалтаар Бээжин болон Вашингтоны удирдагчид худалдааны гэрээний асуудлаар ярилцаж болзошгүй гэж цагаан ордноос мэдэгдэж байсан юм. Чилийн нийслэлд метроны тасалбарын үнийн өсөлтийг эсэргүүцсэн оюутан залуусын жагсаал эхэлж, энэ эсэргүүцлийн хөдөлгөөн улс орныг бүхэлд нь хамраад байгаа юм.
Тус улс дахь баян хоосны ялгаа хэт өндөр байгаа болон шударга бус байдлыг эсэргүүцсэн жагсаалын үеэр 20 орчим хүн амиа алдаж, 7000 гаруй хүн баривчлагдаад байна. Үүнээс үүдэн ерөнхийлөгч Себастьян Пиньера хэд хэдэн хот, мужид онц байдал зарласан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сантьяго хотод 1 сая гаруй хүнийг хамарсан жагсаал болсон нь Чилид 1990 оноос огт ажиглагдаж байгаагүй үйл явдал байсан юм.
Чили улс “Cор25” болон “Апек”-ийн уулзалтуудыг цуцалж байгаагаа мэдэгдлээ | ||
Үзсэн: 1287 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.