Шууд Chart

Цагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг

2019-11-18 12:12:47

Умард мөсөн далай болон түүний ойр орчмын тэнгисүүдээр тархан амьдардаг баавгайн нэгэн төрөл болох цагаан баавгайг анх 1774 онд Константина Жонн Фипс тодорхойлж байжээ. Дэлхийн хуурай газрын хамгийн том махан идэштэн бөгөөд Кодяк баавгай, цагаан баавгай хоёр хуурай газрын хамгийн том махчинд тооцогддог.

Бие гүйцсэн маахай 400-680 кг байдаг бол эвш хагастай нь тэнцэнэ. Хүрэн баавгайтай ойр төрөл боловч экологийн явцуу нөхцөлд зохицсон, тухайлбал биеийн олон шинж нь хүйтэн хэм, цас, мөс, задгай усаар явах, сэлүүр хөлтөн барихад зохицсон байдаг аж.

Хэдийгээр ихэнх цагаан баавгай хуурай газар төрдөг боловч амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг. Тэнгисийн усанд хөвөх мөсөн дээр "аялж", идэш хоолоо барьдаг. Жилийн ихэнх хугацааг хөлдсөн тэнгист өнгөрүүлнэ. Идэш, тэжээл нь далайн амьтан (загас, далайн нохой) юм. 

Цагаан баавгайн 19 дэд популяциас 5-ынх нь тоо толгой хорогдож байгаа тул эмзэг зүйлд тооцогддог. Олон арван жилийн турш хязгаар хориггүй агнаж байсны улмаас энэ зүйлийн ирээдүй бүрхэг болж, олон улсын зүгээс анхаарал тавих болсон юм. Цагаан баавгайн анд хяналт тавьж, квот тогтоох болсноор тоо толгой нь эргээд сэргэж байна. Олон мянган жилийн турш цагаан баавгай Хойд туйлын уугуул иргэдийн эд, оюун санаа, соёлын амьдралд гол байр суурь эзэлсээр ирсэн бөгөөд эдгээр үндэстэн ястны дунд цагаан баавгай агнах нь чухал явдалд тооцогдсоор байгаа билээ. 

Олон улсын байгаль хамгаалах холбоо цагаан баавгайнд учирч буй хамгийн гол аюулыг дэлхийн дулаарал гэж үздэг. Цагаан баавгайн амьдрах орчин болсон далайн мөс хайлснаар хангалттай идэш хоол олох чадвар нь багасч байгаа ажээ.

Олон улсын байгаль хамгаалах холбооны мэдэгдсэнээр "Хэрэв цаг уурын энэ хандлага үргэлжилсээр байвал цагаан баавгай одоо тархсан ихэнх нутгаасаа 100 жилийн дотор устаж үгүй болох аюултай" гэжээ. 2008 оны тавдугаар сарын 14-нд АНУ-ын Дотоод явдлын департамент цагаан баавгайг Ховордсон зүйлүүдийн тухай хуулиндаа ховор зүйлээр оруулжээ. 


Цагаан баавгай амьдралынхаа ихэнх хугацааг далай, тэнгист өнгөрүүлдэг  
Үзсэн: 8492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-01 14:04
Үнэхээрийн устаж үгүй болж байгаа гэж үү?

Бидэнтэй нэгдээрэй