Шууд Chart

Цэнгэг уст Ачит нуур

2019-11-29 13:15:34

Алтайн уулархаг нутаг нуур нилээд олонтой боловч Хангай, Хэнтийн уулсыг бодвол харьцангуй цөөн юм. Ачит нуур нь Увс аймаг дахь хамгийн том цэнгэг уст нуур юм. Нуурын эрэг нь тал нутаг байх бөгөөд баруун хойд, зүүн хойд талдаа намгархаг газар байна. 

Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, хамгийн урт хойноосоо урагш 30 км, өргөн 16 км хүрэх ба 1464 метрийн үнэмлэхүй өндөрт оршино. Ачит нуур 10500 хавт.дөр.км талбайгаас усжиж байгаа нь Ховд голын ус хуралдуулах сав газрын 21 хувьтай тэнцүү байна.

Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэж илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Нуурын гүн, усны нөөц тодорхойгүй. Э.М.Мурзеавын тэмдэглэснээр хойт талдаа 10 метр гүн байсан бөгөөд өмнөд эрэг хавьд үүнээс гүн байж болох юм.

Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Монгол орны "Улаан ном"-д орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг ховор шувуудтай.

Нуур усандаа Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай. Бөхмөрөн голын адагт намагжсан нугатай томоохон садраа адагтай. Өмнөд хэсэг нь хадан хясаа, нуур руугаа түрж ороод эгц хошуу үүсгэсэн байдаг. Зүүн хойд эргээр нь одоогийнхоо түвшнээс 50-60 м өндөр буюу 1520 м үнэмлэхүй өндөрт урьд нуурын усны эзэлж байсан газарт олон жижиг нууртай. Эндээс эртний төрмөлийн амьтны үлдэгдэл олддог. Ачит нуураас баруун хойш орших Шанаган хэмээх газар Түрэгийн бичигт хөшөө байдаг.


Ачит нуурын домог

Галдан Бошигт Манжийн цэргээс зугтан Ховдод ирсний дараа их зуд болжээ. Хамаг мал сүрэг нь үхэж үрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргүүд хэд гурваараа хэрэн тэнэж хоол хүнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голыг өгсөн явж нэгэн нуурын дэргэд ирж амсхийж ядарч туйлдсан цэргүүд нэгнийгээ нуурын харзалсан уснаас ус авахуулахаар явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод, аваад иржээ.

Ийнхүү цэргүүд өлсөж үхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг үхэх аюулаас аварсан ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон гэх домог бий.

Өөр нэгэн домог ч бас байдаг. Эрт үед хүмүүс дайснаас дүрвэж өвс, ургамал, бэлчээр сайтай нутаг хайж яваад аяншин ядарч, өлсөж ундаасан зүдэрч байтал нэгэн томоохон нуур харагдахаар тэнд очжээ. Гэтэл тэр нуурын мандлаас нэг том загасны сэрвээ цухуйгаад хөлдчихсөн байжээ. Дээрх хүмүүс түүнийг цавчин авч идэн тэнхэрч ихэд баярлан “Ээ хөөрхий Ачит нуур минь” гэж дуу алдсан гэдэг. Үүнээс хойш тэрхүү нуурыг “Ачит” нуур гэж нэрлэсэн гэдэг.


Цэнгэг уст Ачит нуур   
Үзсэн: 5311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-05-28 02:56
Uneheerctansag nutag ymaa..shutej murgii

Бидэнтэй нэгдээрэй