
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху өөрийг нь авлигын хэргээр эрүүгийн мөрдлөг шалгалт явуулахаас хамгаалах халдашгүй эрх олгох хүсэлтийг парламентдаа гаргалаа. Ингэснээр энэ хэргээр шүүхийн сонсгол явуулах асуудлыг саатуулж, ирэх гуравдугаар сард болох сонгуулийн дараа болтол хойшлуулах боломжтой болох юм. Израилийн хуулийн дагуу Нетаньяху хэд хэдэн үндэслэлээр халдашгүй эрх хүсч болдог юм байна. Бенжамин Нетаньяху ийм хүсэлт өгөх сарын хугацаа дуусахаас хэдхэн цагийн өмнө парламентад хандсан гэж мэдээлж байна.
Түүний хүсэлтэд Кнессет хариу барихын тулд хэдэн сарын хугацаа зарцуулна. Парламентаас энэ асуудлаар шийдвэр гаргах хугацаанд Ерөнхий сайд эрүүгийн хэргийн шүүхийн сонсголд оролцохгүй байх эрхтэй. Израилийн Ерөнхий прокурор өнгөрөгч 11 дүгээр сард Бенжамин Нетаньяхуг хээл хахууль авсан, луйвар хийсэн, хүмүүсийн итгэлийг хэтрүүлэн ашигласан гэсэн гурван өөр тохиолдлоор эрүүгийн хэрэг үүсгэсэн. Бенжамин Нетаньяху эдгээр хэргийг үгүйсгэж байгаа юм.
Тэрбээр өөрийг нь Засгийн газрын тэргүүний суудлаас нь унагах зорилгоор ийм хэргүүдийг бодож олсон гэж хэлжээ. Бенжамин Нетаньяху шүүхийн мөрдлөг шалгалтаас хамгаалах эрх авахын тулд Кнессетийн гишүүдийн талаас илүү хувийнх нь дэмжлэгийг авах шаардлагатай юм.
Тэгвэл Израилийн улс төрийн удирдагчид Бенжамин Нетаньяхугийн энэ үйлдэлд дургүйцэж байна. Түүний сонгуулийн өрсөлдөгч Бенни Ганц л гэхэд Бенжамин Нетаньяхуг халдашгүй эрх олгуулахгүйн төлөө боломжтой бүхнийг хийнэ гэж мэдэгдсэн. Тэрбээр “Ерөнхий сайд хууль, шүүхээс зайлсхийх боломжтой өдөр ирнэ гэж төсөөлж чадахгүй байна” гэж мэдэгджээ. “Бидний гэр Израил"-ийн намын дарга Авигдор Либерман ч мөн намынхантай хамт халдашгүй эрхийг эсэргүүцэж санал өгнө гэдгээ илэрхийлжээ.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху халдашгүй эрх хүсчээ | ||
Үзсэн: 626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.