
АНУ-ын зөвлөх үйлчилгээний "Еврази групп" 2020 оны дэлхийн улс төрд нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйлүүдийн жагсаалтыг гаргаад байна. Урьдчилсан таамгаар дэлхийн улс төр, нийгэм эдийн засаг, байгаль цаг агаарт нөлөөлж байгаа сөрөг хандлагуудын үр дүнд 2020 он олон улсын улс төрд нэгэн шинэ савалгаа үүсгэнэ гэж "Еврази групп" дүгнэсэн байна. Жишээлбэл, сүүлийн хэдэн арван жилд бий болсон даяаршил, энх тайван, амар амгалан байдлыг бүрдүүлж, ядуурлыг бууруулах зэргээр боломж олгосон ч, технологийн асуудлаас үүдэлтэй АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн 21 дүгээр зууны эдийн засгийг хоёр хуваасан, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал урьд хождоос илүү анхаарал татах болсон, улс доторх үндэстнүүдийн салан тусгаарлах хандлага нэмэгдсэн зэрэг энэ бүх асуудал олон улсын хямрал дагуулахаар байна гэжээ.
Ингээд 2020 оны дэлхийн улс төрд нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйлийн жагсаалтыг "АНУ-ыг хэн удирдах вэ" гэдэг асуулт тэргүүлж байна. Хэрэв 2020 оны 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдон хариуцлага хүлээх дээрээ тулаад байгаа өнөөгийн Цагаан ордны тэргүүн Дональд Трамп ялалт байгуулчихвал, эсвэл багахан зөрүүтэйгээр ялагдал хүлээсэн ч, сонгуулийн үр дүнгийн талаар хууль шүүхийн маргаан болох шинжтэй байна гэж энд дүгнэж байна. Ямар ч тохиолдолд сонгуульд ялагдсан нэг нь шүүхийн шийдвэрийг хууль ёсных гэж хүлээж авах шинжгүй гэж тайлбарлажээ.
Хоёрдугаарт, АНУ, БНХАУ гэдэг хоёр улсын технологийн салбарын холбоо тасарч, улам холдох болсон нь технологийн болон хөрөнгө оруулалтын, нөөц боломжийн хоёр талын урсгалыг аль хэдийнэ тасалдуулаад байна. Цаашлаад 2020 онд энэ алдагдал үүлэн тооцоолол, 5G зэрэг стратегийн технологийн салбаруудаас давж, эдийн засгийн өргөн хүрээг хамрахаар байна гэж таамаглажээ.
Үүнээс үүдэлтэй хоёр улсын зөрчил маргаан үндэсний аюулгүй байдал, нөлөөлөл, үнэт зүйлсийн талаарх урд урдаас илүү хүчтэй мөргөлдөөн дагуулна. Энэ бол жагсаалтын гуравдугаарт бичигдсэн эрсдэлд тооцогдож байна.
Жагсаалтын дөрөвдүгээрт байгаль цаг уурын өөрчлөлт, ядуурал, зэрэг асуудлаар дэлхийн үндэстэн дамнасан корпорациуд ихээхэн шүүмжлэл хүлээж, асуудлыг шийдвэрлэх шахалтад орохоор байгааг нэрлэсэн бол, Энэтхэгийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлогууд тавдугаарт багтсан байна. Зургаадугаарт Европын геополитикийн өрсөлдөөн, долоодугаарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой улс төр, эдийн засгийн маргаан, наймдугаарт Ойрхи Дорнодод лалын Шит урсгалынхны нөлөө нэмэгдэж, энэ нь америк цэргүүдийг Ирак нутгаасаа гаргах боломж нь өсөх тухай, есдүгээрт Латин Америкийн орнуудын авлига хээл хахууль, чанар муутай төрийн үйлчилгээтэй холбоотой дотоод дахь таагүй байдал, аравдугаарт Туркийн Ерөнхийлөгчийн эрс байр суурьтай холбоотой дотоод болон гадаад нөхцөл байдал, эсэргүүцлийг тус тус нэрлэжээ.
Дэлхийн улс төр, эдийн засагт нөлөөлөх эрсдэлтэй хүчин зүйлүүдийн жагсаалтыг АНУ тэргүүлж байна | ||
Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.