Шууд Chart

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж УИХ хүндэтгэлийн хуралдаан хуралдуулав

2013-07-10 15:50:42

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Их жанжин Сүхбаатарын талбайд боллоо.

  Ерөнхийлөгчийн энэ удаагийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг Эзэн Чингис хааны хөшөөний өмнө тусгайлан зассан талбайд анх удаа ард иргэддээ нээлттэй хуралдуулав.

  Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай шинэчлэн баталсан хуулийн дагуу 2013 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль амжилттай явагдаж өнгөрлөө. Сонгуулийн ерөнхий хорооны өргөн мэдүүлснээр энэхүү сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 622.794 хүний санал буюу нийт сонгогчдын 50,23 хувийн санал авч ялалт байгуулсан байна.   

   Монгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Улсын Их Хуралд тангараг өргөх гэж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээг Улсын Их Хурлын шийдвэрээр анх удаа эзэн Чингис хааныхаа сүрлэг хөшөөний өмнө ард түмнийхээ дунд нээлттэй зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Цахиагийн Элбэгдорж Улсын Их Хуралд тангараг өргөх чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд, Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд, улс төрийн намуудын удирдлага, олон нийт, шашны болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөгчид оролцож байна. 

   Оросын Холбооны Улсын Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Эрхэмсэг ноён Торшин Александр Порфирьевич, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын Байнгын хорооны орлогч дарга Эрхэмсэг ноён Шян Ба Пин Цу, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч асан, Нобелийн шагналт Эрхэмсэг ноён Лех Валенса, Япон Улсын Үндэсний аюулгүй байдал, хулгайлагдсан иргэд, байгалийн гамшгийн асуудал эрхэлсэн сайд Эрхэмсэг ноён Кейжи Фүрүя, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний сайд Эрхэмсэг ноён Фарүүк Абдулла, Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Эрлан Бекешович Абдылдаев,  Катар Улсын Эдийн засаг, худалдааны сайд Эрхэмсэг Шейх Ахмед Бин Жассем Бин Мохаммед Ал-Тани, Бүгд Найрамдах Франц Улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн асуудал эрхэлсэн төлөөний сайд Эрхэмсэг ноён Гийом Гаро, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын дарга Эрхэмсэг ноён Наговицын Вячеслав Владимирович, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын  Хурлын дарга Эрхэмсэг ноён Гершевич Матвей Матвеевич, ОХУ-ын Төрийн Думын гишүүн ноён Михаил Викторович Слипенчук, Олон улсын шатрын холбооны тэргүүн Ноён Кирса́н Никола́евич Илюмжи́нов зэрэг гадаадын зочид төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын тэргүүн нар урилгаар оролцож байгааг дуулгалаа.

  Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Цахиагийн Элбэгдорж Улсын Их Хуралд тангараг өргөв.

   Ерөнхийлөгчийн тангарагаа өргөсөнтэй холбогдуулан иргэд сонгогчдыг төлөөлж Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч Д.Бямбасүрэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид баяр хүргэж үг хэллээ.

  Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандаж үг хэлснээр УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан өндөрлөж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тангараг өргөх ёслол, Хүннү гүрэн, Монголын тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улсын 807 жил, Үндэсний эрх чөлөөний 102 жил, Ардын хувьсгалын 92 жил, Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаал Их жанжны талбайд боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж УИХ хүндэтгэлийн хуралдаан хуралдуулав   
Үзсэн: 2524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй