Шууд Chart

Зорчигч тээврийн онгоцонд автомат жолоодлогын технологи ашиглах боломжийг судалж байна

2020-02-02 10:58:32

Дэлхийн томоохон агаарын тээврийн компаниуд зорчигч тээврийн нисэх онгоцонд автомат жолоодлогын технологийг ашиглах боломжийг судалж байна. "Эйрбус" компани л гэхэд нисгэгчгүй нислэгийн туршилтыг амжилттай явуулсаар байна. Агаарын зорчигч тээврийн үйлчилгээнд нисгэгчгүй онгоцыг ашиглах санаа олон жилийн турш яригдаж байгаа ч саяханыг хүртэл зөгнөл, мөрөөдөл төдий байсан юм. Тэгвал автомат жолоодлогын технологийг зорчигч тээврийн онгоцонд аль хэдийнэ туршиж эхэлсэн төдийгүй өнгөрсөн 12 дугаар сард ээлжит нислэгээ үйлджээ.

"Эйрбус" компанийн "A350-1000" онгоц Францын Тулуза онгоцны буудлаас автоматаар буюу нисгэгчийн оролцоогүйгээр амжилттай хөөрчээ. Энэ нь тус компанийн хувьд ийм төрлийн анхны туршилт биш юм. "A350-1000" онгоц нийт найман удаа автоматаар амжилттай хөөрсөн талаар "Эйрбус" компанийн мэдээлэлд онцолжээ.

Тус компаниас онгоц хөөрч байх үед нисгэгч онгоцны жолоодлогын хэсгээс гараа авсан байгааг харуулсан бичлэгийг олон нийтэд сонирхуулжээ. Энэхүү шинэ технологи агаарын тээврийн компаниудын нисгэгчдийн дутагдалд орох асуудлыг шийдвэрлээд зогсохгүй компанийн зардлыг хэмнэхэд тус болох боломжтой талаар "Си Эн Эн" агентлагийн мэдээлэлд онцолжээ.

Гэхдээ нисгэгчгүй онгоцны аюулгүй байдал санаа зовоосон асуудал хэвээр байна. 2019 онд "Боинг 737 МАКС" онгоц программын алдаанаас үүдэн осолдсоны дараа агаарын тээврээр зорчигчид амь насаа компьютер, технологид даатгахаас ихээхэн болгоомжлох болжээ.

"Эйрбус" компанийн зүгээс автомат жолоодлогын технологийг бүрэн ашиглаж эхлэх гэхээсээ илүүтэй одоогоор энэ төрлийн технологи нисгэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ гэдэг асуудалд төвлөрч байгааг онцолж байна. Автомат удирдлагын систем нь нисгэгчдийг ердийн ажиллагаанаас хөндийрч харин нислэгийн талаарх чухал стратегийн шийдвэрийг гаргах чөлөө цагийг олгоно гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зорчигч тээврийн онгоцонд автомат жолоодлогын технологи ашиглах боломжийг судалж байна   
Үзсэн: 4012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-02 21:28
Монголп

Бидэнтэй нэгдээрэй