
УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн ням гарагт Баянхонгор аймагт хүрэлцэн очиход аймгийн ЗХЖШ-ын 339 дүгээр ангийн хүндэт харуул угтан авлаа. УИХ-ын даргад хүндэт харуул хүндэтгэн ёслосны дараа тэрээр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагаатай танилцав.
Мөн УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчид Баянхонгор аймгийн төвд оношлогоо, шинжилгээний өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмж, аппарат бүхий үзлэг, оношлогооны төвийн нээлтийн ажиллагаанд оролцов.
УИХ-ын дарга З.Энхболд оношлогооны төвийн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Нутаг орондоо оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмж, аппарат бүхий төвтэй болсон баянхонгорчуудад баяр хүргэе. Өндөр нарийвчлал бүхий тоног төхөөрөмжтэй оношлогооны төвтэй болсноор өвчнөөс урьдчилан сэргийлэх, нутагтаа бага зардлаар оношлогоо үзлэг, эмчилгээ хийлгэх боломж бүрдэж байна. Шинээр суурилагдаж байгаа оношлогооны тоног төхөөрөмжийг ажиллуулах арга ажиллагааг тухайн тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа гүйцэтгэгч компанийн мэргэжилтнүүд оношлогооны төвийн эмч нарт зааж сургах сургалт хийгдэнэ гэж онцлов.
Мөн УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид тэр өдөртөө Баянхонгор аймгийн “Хөгжимт драмын театр”-т аймгийн иргэдтэй уулзалт хийлээ. УИХ-ын дарга 2013 оны ээлжит намрын чуулганы хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан, хөдөө орон нутгийг чиглэсэн бодлогын талаар ярилцсан юм. УИХ-ын даргатай хийх уулзалтад аймгийн 600 гаруй иргэн хүрэлцэн ирсэн юм.
УИХ-ын дарга иргэдтэй хийх уулзалтын үеэр хууль тогтоох дээд байгууллагаас батлан гаргаж буй хууль, тогтоомжууд, Улсын төсөв санхүүгийн тухай, Монгол Улсын 2014 оны хөрөнгө оруулалт, үр дүн, эрчимжсэн мал аж ахуй өнөөгийн байдал, “Авлигажсан төсөв”-ийн талаар, орон сууцны ипотекийн найман хувийн хүүтэй зээл, кластер хөгжүүлэх тухай болон Баянхонгор аймагт чиглэсэн төсөл арга хэмжээний талаар тус тус танилцуулга хийлээ. Мөн УИХ-ын даргын танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Д.Ганбат иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр Улсын Их Хурал дээр алтны хуулийн ажлыг хэсгийг ахлаж ажилласан бөгөөд цаашид экспортыг нэмэгдүүлэх, төмөр замын сүлжээг хөгжүүлэх зэрэг ажил хийх хэрэгтэй байгааг хэлж байв. Мөн Баянлиг болон Бууцагаан сумдад хийсэн “Шинэ сум” нээлтийн ажиллагаа Баянхонгор аймагт анхдагч болсныг онцлов. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс-Ухаалаг төр рүү" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Иргэдийн хувьд УИХ-ын даргыг Баянхонгор аймагт ажиллаж буйд талархалтай байгаагаа илэрхийлээд, бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, Оюутолгойн олборлолт, Баянхонгор аймагт хийж буй хөрөнгө оруулалтын талаар сонирхсон асуултаа асууж байв.
Үүний дараа иргэдээс бичгээр гаргасан асуултад УИХ-ын дарга нэгбүрчлэн хариулт өглөө. УИХ-ын дарга иргэдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн эрүүл мэнд, боловсролын салбар, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан 10 хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг гардуулсан юм.
УИХ-ын даргын Өвөрхангай, Баянхонгор аймагт хийж буй томилолт гурав дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын даргыг УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүн дагалдан яваа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
УИХ-ын дарга З.Энхболд Баянхонгор аймагт ажиллав | ||
Үзсэн: 1156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.