Шууд Chart

УИХ-ын гишүүд Филиппин улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаатай танилцана

2014-04-01 08:08:34

УИХ-ын гишүүн Д.Батцогт, З.Баянсэлэнгэ, Д.Сарангэрэл, Я.Содбаатар болон албаны бусад хүн Филиппин улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаа, Эмийн хууль, хүнс эмийн байгууллагын эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоотой танилцаж, туршлага судлахаар өнөөдөр тус улсыг зорилоо. 

Засгийн газраас “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын төсөл” болон “Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт”-ийн төслийг УИХөргөн барихаар төлөвлөж байгаа аж.

Уг төсөлд “Эмийн зохицуулалтын байгууллага”-ыг байгуулах тухай асуудал тусгагдсан бөгөөд УИХ-аар уг төсөл хэлэлцэгдэхийн өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд, тус Байнгын хорооны ажлын алба болон ЭМЯ-ны удирдлагууд бусад улс оронд эмийн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлж байгаатай танилцахаар явж байгаа юм.

Монгол Улсад өнгөрсөн 20 жилийн туршид эмийг улсын бүртгэлд бүртгэх, хяналт шалгалт хийх, стандарт тогтоох, эмийн импорт, экспортод хяналт тавих зэрэг зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн ч төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байгаа.

Филиппин улсын хувьд нэр хүнд бүхий цогц үйл ажиллагаатай эмийн зохицуулалтын байгууллагатай, ДЭМБ-ын бүсийн төв байрлаж, бүсийн улс орны хамтын ажиллагааг хангадаг юм. Тус улсын эмийн зохицуулалтын байгууллагын удирдлагын зүгээс Монгол Улсад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Гишүүд эмийн зах зээлийг хянахад төрөөс баримтлах бодлогын үзүүлэх үр нөлөө, эмийн зохицуулалтын агентлаг байгуулах, хяналт тавихад УИХ болон хариуцах яамны үүрэг оролцоо, хүнс, эмийн байгууллагын бүтэц, удирдлага зохион байгуулалтын талаар судлах юм.

УИХ-ын гишүүд Филиппин улсын эмийн зохицуулалтын үйл ажиллагаатай танилцана  
Үзсэн: 1241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй