
Израиль үндэсний эв нэгдлийн Засгийн газраа бүрдүүлж эхэллээ гэж энэ улсын улс төрийн хоёр том хүчний тэргүүн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Бенни Ганц нар мэдэгдлээ. Тэд нэг жилийн дотор гурав дахь удаагаа болсон парламентын сонгуулиар аль нь ч олонхийн санал авч чадаагүй юм.
Ингээд “Ликуд” намын тэргүүн Бенжамин Нетаньяху “Цэнхэр цагаан” эвслийн дарга Бенни Ганц нар удаан хугацааны хэлэлцээ хийсний эцэст Бенжамин Нетаньяху эхний хагас жилд Засгийн газрын тэргүүн хэвээр үлдэхээр боллоо. Дараа нь Бенни Ганц мөн ийм хугацаанд Ерөнхий сайдаар ажиллаад шинэ сонгууль явуулах юм байна. Харин одоогийн байдлаар Бенни Ганц Батлан хамгаалахын сайд болно гэж Израилийн хэвлэлүүдэд мэдээлж байна.
Талууд ингэж тохиролцохоос өмнө дөрөв дэх удаагийн ээлжит бус сонгууль явуулах уу гэсэн асуудал тулгарсан. Харин Бенни Ганцын хувьд Израильд коронавирусний дэгдэлт байгаа энэ амаргүй цаг үед улс төрийн өрсөлдөгчид нэгдэн нягтрах ёстой гэсэн байр суурийг баримталсан.
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хоёр том хүчний эвслийн Засгийн газар бүрдүүлэх хэлэлцээ амжилтгүй болсон тул Израилийн Ерөнхийлөгч Реувен Ривлин Засгийн газар бүрдүүлэх эрхийг парламентад шилжүүлсэн юм. Кнессетийн хувьд 21 хоногийн хугацаанд Засгийн газарт орох хүмүүсийн жагсаалтыг гаргаж, гишүүдээр батлуулах ёстой байлаа. Хэрвээ ингэж чадаагүй нөхцөлд ирэх наймдугаар сарын 4-нд сонгууль товлож, парламент шууд задрах байсан юм.
Харин улс төрийн хоёр сөрөг хүчин хамтран ажиллах болсноор Израиль улс нэг жилийн турш үргэлжилсэн улс төрийн мухардмал байдлаасаа гарч байгаа юм. Энэ нь мөн авлигын хэрэгт орооцолдсон Бенжамин Нетаньяхуд Засгийн газрын тэргүүний суудалдаа удаан хугацаагаар байж, хэрэгтний сандал дээр суухгүй байх сайхан боломж боллоо гэж зарим хэвлэл тэмдэглэж байна.
Бенни Ганцын хувьд “Биби л биш бол хэн ч байсан яах вэ” гэсэн уриатайгаар сонгуульд оролцсон. Гэтэл тэрбээр Нетаньяхутай ингэж эвсэхээр болсныг дэмжигчид нь илт шүүмжилж, урвагч гэж үзэж байна. Үүнээс болоод түүний зүүний төвийн эвсэл задрах эрсдэлд ороод байна.
Израиль үндэсний эв нэгдлийн Засгийн газраа бүрдүүлж эхэллээ | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.