Шууд Chart

Япон улсын гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн шүүхийн туршлага судлах уулзалт сургалтад хамрагдлаа

2026-06-20 10:50:52

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Г.Эрдэнэбулган Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн академи, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөллийн хамт Япон Улсын Гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүхтэй танилцан, туршлага судлах уулзалт сургалтад хамрагдлаа.

Энэ сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус уулзалтын үеэр төлөөлөгчид хүүхдэд ээлтэй шүүхийн тогтолцоог бэхжүүлэх, насанд хүрээгүй хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөхөн сэргээх шударга ёсны зарчмыг (restorative justice) хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлд чиглэсэн шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр Япон Улсын гэр бүлийн болон насанд хүрээгүй хүний хэргийн шүүгч, гэр бүлийн шинжээч, нарийн бичгийн дарга, эвлэрүүлэн зуучлагч, эрдэмтэн судлаачидтай санал солилцож, туршлага судлав.

Мөн Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэн, Токио хотын Гэр бүлийн шүүх, тус улсын Дээд шүүхийн дэргэдэх Хууль зүйн сургалт, судалгааны хүрээлэн болон Шүүхийн ажилтнуудын сургалт, судалгааны хүрээлэнгээр зочилж, байгууллагуудын үйл ажиллагаатай тус тус танилцав.

Япон Улсын Гэр бүлийн шүүхийг гэр бүлийн амар тайван байдлыг хангаж, хүүхдийн цогц хүмүүжлийг дэмжихэд чиглэсэн үзэл баримтлалтайгаар дэлхийн II дайны дараа буюу 1949 онд байгуулсан нь Ази тивийн анхны төрөлжсөн шүүхүүдийн нэг болж, өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Тус шүүхийн насанд хүрээгүй хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь

-Шийтгэлд бус, нөхөн сэргээх, хүмүүжүүлэх зарчимд суурилж, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж, хүүхдийн дээд ашиг сонирхлыг хамгаалах замаар гэр бүлийн тогтвортой байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлдэг

-Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан, насанд хүрээгүй хүний холбогдсон хэрэг, эсхүл насанд хүрээгүй хүн гэмт хэрэгт холбогдох өндөр эрсдэлтэй байгаа нөхцөл байдлыг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг

-Эвлэрүүлэн зуучлал, нийгэм-сэтгэл зүйн судалгаа, шинжилгээний аргачлалыг нэгтгэн хэрэглэж, маргаан болон гэмт үйлдлийн суурь шалтгааныг илрүүлж, урьдчилан сэргийлэх, ирээдүйд чиглэсэн цогц шийдэл гаргахыг зорьдог

Гэр бүлийн нөхцөлд судалгаа хийх, ярилцлага авах, сэтгэл зүйн үнэлгээ явуулах зэрэг аргачлалаар хэрэг маргааны бодит нөхцөл байдал болон түүний цаад сэтгэл зүйн, нийгмийн хүчин зүйлийг цогцоор нь тодорхойлж, насанд хүрээгүй хүний хэрэгт хувь хүний хөгжил, хүмүүжил, орчны нөхцөлийг үнэлж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөхөн сэргээх арга хэмжээг санал болгон шийдвэрлэдгээрээ бусад улс орнуудад жишиг болон хөгжсөөр иржээ.

Япон Улсын гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн шүүхийн туршлага судлах уулзалт сургалтыг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Канад Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь (2025-2030)” төслийн хүрээнд Япон Улсын Хууль зүйн яамны Сургалт, судалгааны хүрээлэнгийн Олон улсын хамтын ажиллагааны газартай хамтран зохион байгуулав гэж Хууль зүй дотоод хэргийн яамнаас мэдээллээ


Япон улсын гэр бүл, насанд хүрээгүй хүний хэргийн шүүхийн туршлага судлах уулзалт сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй