
Монгол Улс парламентын засаглалтай. Улсын Их хурал (парламент)-ын сонгуулийг дөрвөн жил тутамд нэг удаа явуулж 76 гишүүн сонгогддог. Мөн орон нутгийн сонгуулийг дөрвөн жил тутам явуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хурлыг байгуулдаг.
УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтад 1932.3 мянган хүн сонгуульд оролцох нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 73.7 хувь нь буюу 1424.5 мянган хүн сонгуулийн санал хураалтад оролцжээ.
1992 онд зохион байгуулагдсан анхны УИХ-ын сонгуульд сонгогчдын оролцоо 95.6 хувь байсан бөгөөд 2012 оны сонгууль хүртэл аажмаар буурч 67.3 хувьд хүрч байв. УИХ-ын 2016 оны сонгуулийн хувьд иргэдийн сонгуулийн оролцоо өмнөх сонгуулиудтай харьцуулахад харьцангуй бага боловч сонгуулийн идэвх өмнөх 2012 оны сонгуулиас 6.4 пунктээр нэмэгдсэн байна.
Энд нэг зүйл дурдахад, Монгол Улсын сонгогчдын оролцоо Герман, Их Британи, Канад, АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй улс орныхоос өндөр байгаа нь сайшаалтай, олон хүн сонгуульд оролцож, саналаа өгч байгаа нь сайн хэрэг мөн. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр ирцийг доош татдаг хэсэг бүлэг сонгогч бий. Энэ хэсэг бүлэг ангиллын дийлэнх хувийг 18-40 насны сонгогч эзэлж байна.
Монгол Улсын сонгогчдын сонгуулийн идэвх нас ахих тусам нэмэгддэг. 2016 оны сонгуулийн жилд ойролцоогоор 192 мянган залуучууд 18-21 насны бүлэгт дэвшиж сонгууль өгөх эрхтэй болсон бөгөөд энэ нь 18-25 насны залуучуудын 46.7 хувийг эзэлж байв. Гэтэл 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу байсан. Энэ насны бүлгийн хоёр хүн тутмын нэг буюу ойролцоогоор 50 хувь нь сонгуульд оролцоогүй.
Орон нутгийн сонгуульд ч сонгогчдын нас ахих тусам сонгуулийн идэвх нэмэгдэж байгаа зүй тогтол хадгалагджээ. Сонгуулийн жилд ойролцоогоор 16.9 мянган залуучууд 18-21 насны бүлэгт дэвшиж сонгууль өгөх эрхтэй болсон нь 18-25 насны залуучуудын 43.6 хувьтай тэнцэж байна.
Тэгвэл 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу буюу 32.6 хувьтай бол 26-40 нас 35.9 хувь, 41-55 насныхны 49.0 хувь нь сонгуулийн санал хураалтад оролцсон. Сонгуулийн идэвх хамгийн өндөр 56, түүнээс дээш насны сонгогчдын идэвх 66.0 хувь байгаа нь улсын дунджаас 31 пунктээр бага байна.
“Улсын Их хурлын сонгуулийн санал хураалтын дүнд хийсэн шинжилгээ”-нд “Насны бүлэг ахих тусам сонгуулийн идэвх нэмэгдэж байгаа бөгөөд 60-аас дээш насныхны хувьд 100 хүн тутмын 97 нь санал хураалтад оролцсон” хэмээжээ. Улстөрийн нам, эвсэл, бие даагч, нэр дэвшигчид сонгуульд оролцохдоо тодорхой хэмжээнд сонгогчдын саналыг татах амлалт, мөрийн хөтөлбөр боловсруулдаг. Эрх баригчид дахин сонгогдохын тулд мөрийн хөтөлбөрөө бүрэн биелүүлж ажиллана.
Цаашлаад нам, эвслүүд аль болох олон санал цуглуулахын тулд урьд өмнөх сонгуулиудын ирцэн дээр үндэслэн бодлого, мөрийн хөтөлбөрийнхөө дийлэнх хувийг сонгуульдаа идэвхтэй оролцдог насны бүлэг рүү чиглүүлвэл хэн хохирох вэ. Мэдээж сонгуулийн ирцийг доош нь чангаадаг насны бүлгийн сонгогчид хохирно. Улмаар эдгээр сонгогчид сонгуульд саналаа өгөөгүйн улмаас сонгуулийн үр дүнд нөлөөлөхөөс гадна шийдвэр гаргах үйл ажиллагаанаас гадна үлдэх, тэдэнд зориулах төсөв бусад насны сонгогчид руу чиглэсэн төсөл, хөтөлбөрийн санхүүжилт руу чиглэх нөхцөл байдал үүсч мэднэ. Энэ тухай “Сонгогчдын боловсрол төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Оюунтуяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ 18-35 хүртэлх насны залуучуудын сонгуулийн идэвх 80 хувьд хүрвэл тэдэнд чиглэсэн бодлого яригдаж эхэлнэ. Тэд сонгогчдын 50 хувийг эзэлж байгаа нь маш том хүч юм. Өөрөөр хэлбэл залууст тулгамдаж буй олон асуудлыг шийдүүлэх боломж бий. 50-иас дээш насныхан 97 хувийн ирцтэй сонгуульд оролцсоноор магадгүй тэтгэврийн зээлийг тэглүүлж чадлаа гэж харж болно” гэжээ.
Гэтэл өнгөрсөн парламентын сонгуулийн тоо баримтаас харахад 18-40 насныхны тэн хагасаас илүү хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог хэсгийнхээ “амжилт-ыг хойш нь чангааснаас гадна хамгийн аймшигтай нь хэнд болон яаж саналаа өгөхөө мэдэхгүй, завгүй, хэн ч ялалт байгуулсан ялгаагүй, сонгууль надаар дутахгүй гэх мэтийн
Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгууль нэг мандаттай буюу 76 тойрогтой байсан бол энэ жил 29 томсгосон тойргоос 76 гишүүнээ сонгоно. Өөрөөр хэлбэл нэг тойргоос 2-3 хүн УИХ-д сонгогдох учраас тэр тооны санал өгөх юм. Сонгогчдод өмнөх парламентын сонгуультай харьцуулахад илүү өргөн сонголт, олон саналын эрх бий. Тиймээс залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцсоноор “том мод”-оо тоо ёсоор нь гаргаж чадна.
Үндэсний статистикийн хорооны албан ёсны сайтад 2017 оны гуравдугаар сард байршуулсан “Улсын Их хурлын сонгуулийн санал хураалтын дүнд хийсэн шинжилгээ”-нд “Хүн амын чухал бүлэг болох залуучууд сонгуульд оролцоогүй шалтгааныг нарийвчлан судлах эрэлт хэрэгцээ байгаа нь сонгуулийн үр дүнгээс харагдаж байна” хэмээн дурджээ.
Энэ талаар “Иргэдийн оролцоо - II” төслийн зохицуулагч, хуульч Д.Сүнжид “Иргэдийн сонгуулийн тухай мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажил өнөөг хүртэл иргэний нийгмийн байгууллагуудын нуруун дээр явж ирсэн. Төр нэгдсэн зохион байгуулалтаар энэ ачаа, үүргийг авч байгаа нь хангалтгүй. СЕХ-ны төсөв, хүний нөөц хүрэлцдэггүй юм бол иргэний нийгмийнхэнтэй хамтрах, эрх шилжүүлэх байдлаар оролцох боломжтой. Сонгогчдын онцлогт тохируулан залуус, ахмад, дунд үеийнхэнд ялгамжтай мэдээлэл өгөх ажил муу. Иргэний нийгмийн байгууллагынхан сайн дураараа, донор байгууллагууд үүнд анхаарч байгаа. Сонгогчдын боловсролд төрөөс анхаарах ёстой байгаа юм. Насны бүлгээр нь харахаар залуусын оролцоо хамгийн бага. Нас нь өгсөх тусам оролцоо нь ихэсдэг. Бид залуустаа ямар боловсрол олгочхоод “Та нар сонгуульд оролц” гээд байгаа юм бэ гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй болоод байна” гэжээ.
Үүнээс гадна Ардчилсан нийгэмд залуучууд сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхөөс гадна сонгуулийн санал хураах, тоолох, дүнг гаргах үйл явц болон техникийн тооллого хийх хэсгийн хороодыг сонгох, тооллого хийх үйл явц Сонгуулийн тухай хуулийн дагуу явагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллах боломж бүрэн байдаг.
Тодруулбал, Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” болон “Бодлогод залуусын хяналт” ТББ 2016 оны УИХ-ын сонгууль болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тус бүр иргэний нийгмийн 200 гаруй ажиглагчийг бэлтгэн ажиллаж байв. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулиар хүрээгээ тэлж Улаанбаатар хотоос гадна Дархан, Эрдэнэт болон Дорноговь, Хэнтий, Ховд аймагт 230 ажиглагчтай ажиллахаар төлөвлөжээ.
“Хөзөр” мэддэггүй хүнд “том мод” ирдэг | ||
Үзсэн: 3886 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.