Шууд Chart

Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ

2020-05-28 17:26:08

Startupblink дэлхийн стартап /гарааны компани/ экосистемийн атлас, судалгааны төвөөс гурав дахь жилдээ гаргаж буй Дэлхийн стартап экосистемийн 2020 оны дэлгэрэнгүй тайланд Монгол тэр дундаа Улаанбаатар хотыг онцолжээ.

Дэлхий дээр НҮБ-ын гишүүн 193 улс, 150 мянгаас дээш хүн амтай 4416 хот байдаг бол тус тайланд дэлхийн топ 100 улс, топ 1000 хотын стартап экосистемийн гол үзүүлэлтүүд болох стартап компаниуд болон тэднийг дэмжигч байгууллагуудын тоо, чанар,  бизнесийн орчны өгөгдлүүдийг тусгай алгоритмын тусламжтай боловсруулан байр эзлүүлдэг байна. Дэлхийн стартап экосистемийн 2020 оны дэлгэрэнгүй тайланд Монгол Улс топ 100 улсад багтаж, 93 дугаар байранд, Улаанбаатар хот топ 1000 хотод багтаж 690 дүгээр байранд амжилттайгаар жагссан байна.

Израиль улсын Startup data компаний Startup blink платформ нь олон улсын хэдэн арван мянган стартап компаниуд бүртгэлтэй стартап экосистемийн атлас, судалгааны төв бөгөөд жил бүр боловсруулан гаргадаг дэлхийн стартап экосистемийн тайланг олон арван мянган хөрөнгө оруулагч, шийдвэр гаргагчид шийдвэр гаргахдаа ашиглаж, дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд онцлон нийтэлдэг байна.

Дээрх тайланд “Улаанбаатар хот бол Монгол улсын мэдээлэл технологийн салбарын гол цөм бөгөөд Улаанбаатар хотын стартап экосистем сүүлийн хэдхэн жилийн дотор маш хурдтайгаар хөгжиж технологийн салбарын олон чадварлаг стартап компаниуд урган гарч улсын эдийн засгийг шинэ чиглэл рүү чиглүүлэн залж байгааг хархад Монгол улсын нийслэл Улаанбаатар хот Азийн инновацын хаб болох ирээдүй харагдаж байна” гэдгийг онцолсон байна.

Залуусын хот болох Улаанбаатар хотын захиргаа нь инновац, стартап бизнес эрхлэгч залуусыг дэмжих зорилгоор 2018 онд дэргэдээ Улаанбаатар Инновацын төвийг байгуулсан бөгөөд тун удахгүй тус төвийн салбарууд Яармаг, Баянхошуу, Сэлбэд нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Дэлхийн стартап экосистемийн 2020 оны дэлгэрэнгүй тайланг доорх холбоосоор орж татаж авна уу. https://report.startupblink.com/

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР


Дэлхийн стартап экосистемийн 2020 оны тайланд Улаанбаатар хотыг онцолжээ  
Үзсэн: 875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй