Шууд Chart

Бөхөөс бөмбөг рүү “урвасан” Стефен Нил

2020-06-11 15:49:52

Бөхийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч гүрэн, нэр алдартай олон бөхийн төрүүлсэн орны нэг нь АНУ билээ.

Чөлөөт бөхийн эх орон АНУ-ын бөхчүүдийн онцлог гэвэл эхнээс эцсээ хүртэл бүх хүчээ шавхдаг дайчин чанар. Сэм авгын хэний ч мэдэхгүй “Битүү морь” улсын аваргадаа торойж олимп, дэлхийн аваргад цойлсон тохиолдол нэлээд хэд бий.

Жишээ нь Брэндон Слэй 2000 оны Сиднейд, Хенри Сехудо 2008 оны Бээжингийн олимпын наадамд алтан медаль хүртэж байлаа.

АНУ-ын эрэгтэй бөхчүүд XXI зуун гараад хүнд жинд олимп, дэлхийн аваргад хараахан түрүүлээгүй явна. Хамгийн сүүлд 1999 онд Анкарагийн дэвжээнд Стефен Нил хэмээх 23 настай залуу цойлон гарч олны таамгыг орвонгоор нь эргүүлж хагас шигшээд Туркийн Айдин Полатчиг 10:6-гаар, шигшээд ОХУ-ын Андрей Шумилинийг 4:3-аар ялж дэлхийн аварга болж байлаа.

Оюутны улсын хошой алттай даруухан амжилттай Нил тэр жилийн хавар улсын аварга болж, зун нь Виннепегийн Пан Америкийн наадамд түрүүлж, намар нь Анкарагийн дэлхийн аваргад нэг амьсгаагаар тамирчин бүхний хүсээд байдаггүй дэлхийн аваргын алдрын оргилд хүрсэн.

Хойтон жил нь улсдаа олимпын сонгон шалгаруулахад Керри Маккойд ялагдснаар дэлхийн алтаа олимптой ижилсүүлэх мөрөөдөл нь замхарсан.

Ганцхан жилийн дотор мандсан Нил Сиднейн олимпийг цэнхэр дэлгэцээрээ үзсний дараа 24 настайдаа зодог тайлахаар шийдэв. Гэхдээ мань эр бөхөөс гадна өөр спортод тэр дундаа америк хөлбөмбөгт авьяастай байлаа.

Бөхөөсөө хөндийрөөд удаагүй Нил 2001 онд долдугаар сард NFL-ийн драфтад ч сонгогдоогүй, бүр алдарт “Нью-Ингленд Пэтриотс” багтай гэрээ байгуулж шуугиан тарив. “Эх орончид” бахим эрийг хамгаалагчийн байрлалд тоглуулахаар шийдсэн. Бөх залууг “Нью-Ингленд”-ийнхэн сонгосон ч үнэнч хөгжөөн дэмжигчид эрс эсэргүүцэлтэй нүүр тулж эхний улиралдаа ганц тоглолтод оролцоогүй ч америк хөлбөмбөгчдийн мөрөөдөл болсон “Супер боул”-ын эзэн болсон.

Тоглохоос илүү сэлгээний сандалд илүү хугацааг өнгөрөөсөн тэрбээр 2004, 2005 онд дахин аваргалж америк хөлбөмбөгийн лигт гурав түрүүлсэн азтай залуу. “Пэтриотс”-т есөн улирлыг өнгөрүүлсэн Нил мөрний олон удаагийн бэртлийн улмаас 2010 онд зодог тайлсан. Түүнийг 2012 онд АНУ-ын чөлөөт бөхийн холбоо “Алдрын танхим”-д оруулжээ.

 

 







Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхөөс бөмбөг рүү “урвасан” Стефен Нил  
Үзсэн: 2169 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй