Шууд Chart

Шинэ Зеланд Улс Хонконгтой хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ зогсоохоор боллоо

2020-07-28 17:17:04

БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Шинэ Зеланд Улс Хонконгтой хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ зогсоохоор боллоо. Энэ тухай Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Уинстон Питерс мэдэгдсэн байна.

Тус улсын засаг захиргаа мөн Хонконгтой харилцах харилцаандаа бусад өөрчлөлт оруулах асуудлыг ч хөндсөн. Тухайлбал, стратегийн чухал бараа бүтээгдэхүүний экспортод хяналт шалгалт тавихаас гадна энэ бүс рүү аялах иргэддээ зөвлөмж өгөх зэрэг асуудлууд багтаж байлаа.

Харин одоо цэргийн болон давхар зориулалтын бүтээгдэхүүнийг Шинэ Зеландаас Хонконг руу экспортлохдоо эх газрын Хятадад тавьдаг нөхцлийнхөө дагуу үйлдвэрлэнэ гэж Уинстон Питерс хэлсэн байна.

Шинэ Зеландаас өмнөхөн Австрали, Их Британи Улс Хонконгтой хэрэгтэн шилжүүлэх тухай хуулиа зогсоосноо зарласан юм. Харин АНУ Хонконгийн эрх чөлөөг хязгаарласан Хятадын эрх бүхий албан тушаалтнуудад хориг тавих “Хонконгийн өөртөө засах эрхийн тухай” хууль баталсан. АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп энэ хуулиас гадна Вашингтоноос Хонконгт давуу эрх олгодгоо цуцласан зарлигт гарын үсэг зурсан юм.

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Хятадын парламент өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд батласан. Уг хуульд салан тусгаарлах үйл ажиллагаа, төрийн засаглалыг нураах гэсэн оролдлого, алан хядах үйл ажиллагаа, гадаадын улс, хүчнүүдтэй хуйвалдах зэрэг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн дөрвөн төрлийн гэмт хэргийг Хонконгт үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх зэргийг тусгасан. Энэ хуулийг Хонконгийн засгийн эсрэг хүчнүүд болон барууны орнууд эсэргүүцэж, Бээжинг энэ тусгай засаг захиргааны бүсдээ хяналтаа чангатгах гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Шинэ Зеланд Улс Хонконгтой хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ зогсоохоор боллоо  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй