
Олон улсын сансрын станцад хорт бензолын эх үүсвэрийг хайх ажиллагаа дахин эхэллээ. Олон улсын сансрын станцтай энэ сарын 23-нд нэгдсэн ОХУ-ын “Прогресс” нэртэй ачааны сансрын хөлгөөр АНУ-ын хийн анализатор, мөн бензолын эх үүсвэрийг хайх 90 ширхэг оношлуур ялтас илгээсэн байна. Үүгээр хорт хийг хайх ажиллагаа эхэлжээ.
Олон улсын сансрын станцын агаарт өнгөрсөн дөрөвдүгээр сард бензол илэрсэн юм. Анхандаа бензолын агууламж нэг шоо метр агаарт 65 микрограммын түвшинтэй байсан ч аажмаар нэмэгдэж эхэлсэн аж.
“Роскосмос”-оос бензолын агууламж хэвийн дээд хязгаарыг даваагүй, багийн гишүүдэд аюул заналхийлэл учруулаагүй гэж мэдээлсэн. Гэсэн ч эх үүсвэр нь одоо болтол олдохгүй байгаа тул агаар дахь бензолын агууламжийг бууруулах зорилгоор багийн гишүүд нүүрсэн шүүлтүүр тогтоожээ.
НАСА-гаас АНУ-ын нэг модулийн агаар цэвэршүүлэгчийн ажиллагаанаас болоод бензолын түвшин нэмэгдсэн байж болзошгүй гэж үзэж байна.
Бензол гэдэг нь өвөрмөц үнэртэй, өнгөгүй шингэн бөгөөд бензиний найрлаганд ордог, эм бэлдмэл, хуванцар, синтетик резин, будагч зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг, хүний биед хортой бодис юм байна. Одоогийн байдлаар Олон улсын сансрын станцад Америкийн сансрын нисэгч Кристофер Кэссиди, Дуглас Херли, Роберт Бенкен, Оросын сансрын нисэгч Анатолий Иванишин, Иван Вагнер нар ажиллаж байна.
Сансрын станцад хорт бензолын эх үүсвэрийг хайх ажиллагаа дахин эхэллээ | ||
Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.