
Америкийн байлдааны онгоц 1945 оны наймдугаар сарын 6-ны өглөөний 8 цаг 15 минутад Хирошима хотод эхний бөмбөгийг хаясан бол, Нагасаки хотыг 3 хоногийн дараа буюу наймдугаар сарын 9-ний өдөр бөмбөгдсөн. Ингэснээр Хирошимад л гэхэд 140 мянган хүн амиа алдаж, бөмбөг хаясан даруй хүмүүс амьдаараа шатаж, урсаж байсан тухай түүх байдаг.
Японы ард иргэд 75 жилийн өмнө болсон энэ аймшигт явдлыг өнөөдөр нэхэн санаж, хохирогчдыг дурссан байна. Хирошима хотод болсон дурсгалын ёслолд 800 орчим хүн, тэдний дотор уг цөмийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүс, гадаадын 80 гаруй улсын төлөөлөгч оролцсон байна. Гэхдээ энэ удаа урьд урьдын жилүүдээс цөөн хүн байхаар хязгаарлажээ.
Ингээд наймдугаар сарын 6-ны энэ өглөө тухайн үед бөмбөг хаясан 8 цаг 15 минутад хот даяараа дуугаа хурааж эмгэнэл илэрхийлсэн бол, Хирошима хотын дарга энхийн тунхаг гаргаж, бөмбөгдөлтөд өртсөн хохирогчдын нэрсэд өнгөрсөн онд нас барсан таван мянга орчим хүнийг багтаан дурсгалын хөшөөнд байрлуулжээ.
1945 оны хоёр бөмбөгдөлтөөс амьд үлдсэн 650 мянган хүн байснаас өдгөө амьд сэрүүн, Хирошима болон Нагасакид аж төрж байгаа 130-аад мянган хүн байна. Тэдний дундаж нас 83 гэж байна. Японд Хибакуша гэж нэрлэдэг тэр хүмүүсийн нэг болох 91 настай ахмад Хирошима хотын ёслолд оролцохдоо “Тэр цаг хугацааг эргээд бодоход эмгэнэлтэй, харгис хэрцгий санагддаг. Тийм эмгэнэлтэй явдал дахин хэзээ ч болох ёсгүй” гэж ярьсныг "NHK" иш татжээ.
Хирошима хотын дарга энхийн тунхаг гаргалаа | ||
Үзсэн: 1457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.