
МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Долоо хоногийн тойм” мэдээллийн хөтөлбөрт
-Энэ жилийн есдүгээр сарын 1-нд Хичээлийн шинэ жилийн нээлт болох уу?
-Хуучны уламжлалт аргаар зохион байгуулахгүй. Аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр шинэ менежментээр зохион байгуулахыг чиглэл болгоно.
-Ерөнхий боловсролын сургуулиудын хичээл эхлэх цагт өөрчлөлт орох уу?
-Энэ Улаанбаатар хотын хувьд жил болгон яригддаг асуудал. Нийслэлийн хэмжээнд хичээл эхлэх цагт түгжрэл үүсгэдэг хэд хэдэн байршил, сургууль дээр хичээл эхлэх, завсарлах, тарах цагт ямар менежмент хийх санал авахаар Нийслэлийн боловсролын газарт чиглэл өгсөн. Хэд хэдэн байршил, сургуульд энэ зохицуулалт хийгдэнэ.
Бөөгнөрлийг яаж сааруулах вэ гэхээр жишээ нь 3000 мянган сурагчтай сургуулийн нэг ээлж хичээллэхэд 1500 хүүхэд хичээлдээ ирнэ. Тэр бүх хүүхэд нэг хаалгаар орж гардаг. Тэгвэл одоо байж болох бүх орц, гарцыг чөлөөтэй байлгаж, аваарын гарцуудыг ашиглана. Тодруулбал, аль давхарт анги танхим нь байдгаас шалтгаалаад сурагч нар өөр өөр хаалга, гарцаар орж гарна. Мөн дунд ангийн хичээл 08:00 цагт эхлэх бол ахлах ангийн хичээлийг 08:10 цагт ч юм уу эхлүүлэхээр зохицуулах боломж бий. Яагаад гэвэл хичээлийн тоо, цагийг богиносгох зохицуулалт хийгдчихсэн. Энэ дадал, хэвшлийг яг цав биелүүлээд явбал хичээл сургалтын үйл ажиллагаа ямар ч үед хэвийн үргэлжлэх боломжтой.
Үүнээс гадна эцэг, эхчүүд, ер нь хүн бүр тодорхой хэмжээний айдастай байгаа. Өдөр болгон мэдээллийн хөтөлбөрөөр “КОВИД-19”-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Тиймээс аав, ээж нар үнэхээрийн эрсдэл дагуулна гэж үзэж байгаа бол хүүхдээ танхимын сургалтад явуулахгүйгээр зайнаас суралцуулах боломжийг нь олгоно. Тухайн хүүхэд зайнаас суралцаад, олж авсан мэдлэгээ бататгаад танхимаар хичээллэж буй сурагч нартай нэгэн адил дүнгээ тооцуулаад, явцаа дүгнүүлээд явах боломжийг олгож байгаа.
-БШУЯ танхимын болон зайны сургалтыг хослуулан явуулах шийдвэр гаргалаа. Хэрхэн зохион байгуулах вэ?
-Ачаалал хэт өндөртэй, төвлөрсөн суурин газар байрладаг сургуулийн хичээллэх өдөр, хичээлийн цагийг бууруулах, хичээлийн тоонд тодорхой зохицуулалт хийх хувилбаруудыг гаргаж, тухайн сургуулиуд, олон улсын байгууллагуудаас санал авч эцэслэж байгаа.
-Танхимын хичээл нэг ангид 20-иос илүүгүй сурагчтай хичээллэнэ гэсэн. Тэгэхээр нэг анги хоёр хуваагдаж, хичээлдээ орох уу?
-Өмнө нь энгийн үед ч англи хэлний хичээл сурагчдыг групп болгон хувааж ордог байсан. Түүнтэй адил эхний групп 08:00 цагаас хичээлдээ ороод 10:30 цагт тарлаа гэхэд 10:40 цагт дараагийн группийн хичээл эхэлнэ.
-Анги дүүргэлт өндөртэй сургуулийн багш нарын ачаалал нэмэгдэх үү. Мөн илүү цагийн цалин хөлс олгох уу?
-Хичээлийн цагийн тоог бууруулж, сурагчдад орох хичээлийн тоонд зохицуулалт хийсэн учраас багш хоёр группт хичээлээ заалаа ч энгийн үед ажиллаж байсан, долоо хоногийн ажлын 40 цагтаа л ажиллана.
-Орон нутгийн сум, баг, тосгоны сургуулиудын хичээл орох үйл явцад өөрчлөлт орох уу?
-Ачааллыг нь тооцоод, харгалзан үзэхлээр сум, баг, тосгоны сургууль харьцангуй ачаалал багатай. Бүлэг дүүргэлт 26, тэрнээс доошоо байгаа. Тиймээс 1-1.5 метрийн зай бариад одоо байгаа бүлгээрээ хичээллэх, эхний ээлж тарах болон хоёр дахь ээлж хичээллэх цаг хугацаандаа менежмент хийгээд танхимын сургалтаа үргэлжлүүлэх боломж тухайн сургуулиудад бий. Тиймээс хуучин хичээллэж байсан бүлгээрээ, “КОВИД-19”-ийн үеийн зөвлөмж, заавраа дагаад хичээл, сургалтын үйл ажиллагаа явах учраас сургалтын төлөвлөгөөнд заасан цагаараа, ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд, энгийн горимоор хичээллэнэ.
-“КОВИД-19” ойрын зайнаас харилцах тусам халдвар авах эрсдэл нэмэгддэг. Дуу хөгжим, биеийн тамирын хичээл өмнөх шигээ танхимаар орох уу?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон мэргэжлийн байгууллагууд энэ хичээлүүдийг аль болох зайнаас зохион байгуулаарай гэж зөвлөсөн. Хичээлийн хугацаанд шүлс үсрэх, хөлрөх, хүүхдүүд бие биедээ ойрхон зайд харилцаа үүсгэдэг хичээлийг зайнаас заах арга барилд шилжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмж, заавар өгч байгаа. Тиймээс хуучнаас БСШУС-ын сайдын 2019 онд баталсан сургалтын төлөвлөгөөний цагт зохицуулалт хийж байгаа. Бага ангид монгол хэл, математикт суурилаад танхимын хичээлүүд нь орно. Дунд ангид монгол хэл, математик, байгалийн ухаан, хими, биологи, физик, түүх, нийгмийн ухаан, англи хэл, эрүүл мэнд зэрэг хичээл, ахлах ангид саяын дурдсан хичээлүүдээс гадна сонгон судлах хичээлийн танхимд судлах цагийг багасгах зохицуулалт хийгдэнэ.
-2020-2021 оны хичээлийн жилд ахлах сургуулиа төгсөх хүүхдүүд өнгөрсөн жилийн хагас хичээлээ цахимаар үзсэн. Тэд сургууль дээрээ илүү цагаар хичээллэж, давтлага авч болох уу?
-Би түрүүн дурдсан 1-1.5 метрийн зайгаа бариад хичээллэх боломжтой. Анги танхим хүрэлцээтэй сургуулиуд дээр ариутгал, халдваргүйжилтийн дэглэм баримтлаад хичээллэх, давтлага хийх уян хатан зохицуулалтыг олгоно. Үүнээс гадна 12 дугаар ангийн сурагчдад танхимын сургалтаас гаднах бүх дэмжлэгийг үзүүлнэ. Төрийн байгууллагаас бүхий л боломжтой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хичээлийн жилд бол төгсөх ангийнханд нэг сар давтлага өгснөөс гадна 100 хувь гарын авлагаар хангаж, зайны сургалтуудыг хүрэлцээтэй хэмжээнд зохион байгууллаа.
-Энэ хичээлийн жилд сурах бичгийн хүрэлцээ хангамж хэр байгаа вэ. Өмнө нь хүрэлцдэггүй асуудал гардаг байсан?
-2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээлд сурах бичиг худалдагдахаа больсон. Өөрөөр хэлбэл сургуулиудын номын сангаар 100 хувь дамжиж, сурагчийн гар дээр очдог болсон. Ялангуяа бага ангийн хүүхдүүд ямар ч үнэ төлбөр төлөхгүйгээр сургуулийн номын сангаасаа сурах бичгээ авч хэрэглээд буцааж хураалгана. Дунд, ахлах ангийнхны 40 хувь нь үнэ төлбөргүй авч хэрэглэнэ. Гэхдээ үнэ төлбөргүй ашиглах 40 хувьд багтах сурагчдаа сургуулийн захиргаа дотооддоо шийднэ. Тухайлбал, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой бол энэ 40 хувьд багтана гэх мэтээр. Харин 60 хувь нь төлбөр хураамж төлнө. Энэ хураамжийг дөрвөн жилийн дараа тухайн сурах бичиг актлагдахад нөхөн хангалтаар сурах бичих хэвлэх зардалд зарцуулна.
Өмнө нь зургаадугаар ангийн хүүхэд 13 сурах бичиг ашигладаг, түүнийгээ зах зээлээс 40-50 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо сургуулийнхаа номын санд 17300 төгрөг тушаагаад хичээлийн жил дуустал 13 сурах бичгээ ашиглана.
-Хүүхдээ хувийн сургуульд сургадаг эцэг эхчүүд өнгөрсөн хичээлийн жилд төлбөрийг нь 100 хувь төлсөн ч гэлээ сүүлийн хагаст танхимын хичээл ороогүй. Энэ жил мөн хувийн сургуулиуд төлбөрөө 100 хувь урьдчилан авах шаардлага тавиад байгаа юм билээ. Гэтэл энэ хичээлийн жилд танхимын болон цахимаар суралцах боломжтой болсон. Тэгэхээр төлбөрийг нь заавал 100 төлөх үү?
-Эцэг эхчүүд тухайн сургуультай гэрээ байгуулахдаа эрсдэлүүдийг тооцоолж, тусгах талаар ярилцах хэрэгтэй. Тухайлбал, гэнэт ирэх арваннэгдүгээр ханиад томуу гараад 100 хувь цахимаар хичээлээ заах болчихвол тухайн сургууль танхимын сургалтыг нөхөхүйц хэмжээний зайны сургалт явуулж чадах уу. Төлбөр дээрээ ямар уян хатан зохицуулалт үзүүлэх вэ гэдгийг тухайн сургуулийн удирдлага, багш нартайгаа ярилцаж, улирлаар, сараар төлж болох уу гэх мэтээр харилцан зөвшилцөх хэрэгтэй. Мэдээж “КОВИД-19” гэр бүл бүрийн эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа учир сургуулиуд дор бүрнээ харилцагчаа алдахгүй тулд, сурагчдад сайн, чанартай боловсрол үргэлжлүүлэн тогтвортой олгохын төлөө менежмент хийж байгаа.
-“Үдийн хоол” хөтөлбөр үргэлжлэх үү?
-Үргэлжилнэ. Сурагчид өдөрт авах ёстой шим тэжээлүүдээ үдийн цайнаасаа авдаг. Тиймээс ханиад томууны үед хүүхдийн дархлааг дэмжих, сайжруулах чиглэл баримталж, чанартай үдийн цайгаар үйлчлэхийг зөвлөж байгаа. Тиймээс ЕБС-иуд танхимаар гурван өдөр хичээллэсэн ч бай энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх байр суурьтай байгаа.
-Сурагчид цахимаар хичээл үзчихсэн болохоор сэтгэл зүй нь урьд танхимаар хичээллэдгээсээ өөр байгаа. Энэ үед сурлагынх нь дүнг түвшин тогтоох шалгалтаар шууд дүгнэх үү?
-2019-2020 оны хичээлийн жилийн нийт хичээл сургалтын үйл ажиллагааны 47 хувь нь теле хичээл буюу зайнаас зохион байгуулагдсан. Яг үүнтэй холбогдуулан хүүхдүүдийн сэтгэл зүй ямар байгаа, теле хичээл хэр хүлээж авсан, зайнаас суралцах арга барилын тохиромжтой байдал ямар байгааг тогтоохоор 2-3 төрлийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Хамгийн гол нь цахимаар хичээл үзэж анги дэвшиж буй хүүхдүүдэд өөрийгөө хоцрогдчихсон байх вий, багш шалгалт авах вий гэсэн айдас байгаа нь судалгааны дүнгээс ажиглагдсан. Тиймээс хичээлийн шинэ жил эхлэхэд хамгийн түрүүнд сурагчдыг сургуульдаа, танхимын хичээлдээ дасан зохицоход нь туслах арга зүй, менежментийг хэрэгжүүлнэ. Сая дурдсан судалгааны үр дүнгүүдэд суурилж, сурагчдын дотоод айдас түгшүүрийг арилгах, өмнөх хичээлийн жилд үзсэн агуулгуудыг хэрхэн бататгах, хоцрогдолтой хүүхдүүдийг хэрхэн шалгах, тэдэнтэй яаж ажиллах зэрэг арга зүйн зөвлөмжийг боловсруулсан.
Т.Ням-Очир: Хичээлийн шинэ жилийн нээлт хийхдээ бөөгнөрөл үүсгэхгүй | ||
Үзсэн: 17859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.