Шууд Chart

Жолоочгүй автомашин хэрхэн ажилладаг вэ

2020-11-10 13:30:07

Орчин үеийн технологийн хөгжлийн хамгийн чухал бүтээгдэхүүний нэг болох жолоочгүй авто машин нь бидний өдөр тутмын амьдралд асар их өөрчлөлтүүдийг авч ирж мэдэх хиймэл оюунаар тоноглогдсон тээврийн хэрэгсэл билээ. Тэгвэл энэхүү технологийн ажиллах горимын талаар сонирхъё. 

Жолоочгүй авто машинууд нь голчлон камерууд, GPS, SONAR ба LIDAR зэрэг мэдрэгч төхөөрөмжүүдээр тоноглогдсон бөгөөд эргэн тойрноо 360 градуст 1-100 метр зайд бүрэн хянаж бүх орчинг мэдэрч автомашиныг жолоодож явуулдаг хамгийн дэвшилтэт технологи юм.

Камерууд ба GPS-ийн тусламжтайгаар байршил болон орчныг хянахад, харин SONAR (sound navigation ranging) технологийг машиныг зогсоолд байрлуулах ба ойролцоох саадыг илрүүлэхэд ашигладаг байна. SONAR технологи нь дуу авианы долгион ялгаруулж ойролцоох саад ба биетээс ойсон долгионыг барьж, математик аргаар загварчилдаг.

Мөн LIDAR (Light Detection And Ranging) технологийг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд энэ  нь лазер ашиглан объектууд руу дохио илгээж, буцах замаар гэрлийн импульсийн зай, хугацааг хэмжиж 100 метрийн радиус доторх объектуудын байрлалыг өндөр нарийвчлалтайгаар гурван хэмжээст координатын цэгүүдээр илэрхийлж бүртгэж авдаг 3лазер сканер юм. Маш их хэмжээний цэгэн өгөгдөл бүртгэгдэх тул түүнийг богино хугацаанд боловсруулж загварчлахад өндөр хүчин чадалтай процессор шаардагддаг.

Мөн өгөгдлийг боловсруулахдаа Фурьегийн түргэн хувиргалт гэсэн математикийн арга ашиглаж хурдасгадаг бөгөөд машины явж буй бодит орчинг хугацааны хоцролтгүйгээр загварчилж чаддаг. Загварчилсан орчинд авто машиныг оновчтой удирдахын тулд ихэвчлэн Intel ба Mobileye компаниудаас хамтран гаргасан  RSS (Responsibility-Sensitive Safety) автоматжуулсан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын албан ёсны математик загварыг ашигладаг. 

Уг математик загвар нь урд, ард, хажуу талд явж буй тээврийн хэрэгслүүдийн зай, урд талын машин гэнэт тоормослоход хариу үйлдэл үзүүлэх боломжит хугацаа, хажуугийн машин гүйцэж түрүүлэх үед хийх үйлдлүүд гэх мэт боломжит бүх нөхцөлүүдийг  нарийн тохируулж программчлах боломжийг олгодог байна.

Эх сурвалж: ШУА


Жолоочгүй автомашин хэрхэн ажилладаг вэ   
Үзсэн: 11493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй