Шууд Chart

“Бээжин-2022” олимп эхлэхэд яг нэг жил үлдлээ

2021-02-04 11:57:30

БНХАУ -ын нийслэл Бээжин хотноо яг нэг жилийн дараа, бүр тодруулбал 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд болох Өвлийн олимпын XXIV наадам нээлтээ хийнэ.

Өдгөөгөөс таван жил хагасын өмнө буюу 2015 оны долдугаар сард Малайзын Куала Лумпур хотноо болсон ОУОХ-ны 128 дугаар чуулганаар Бээжин хот 2022 оны Өвлийн олимпийг зохион байгуулах эрхийг Казахстаны Алматы хотыг 44:40 саналаар ялж хүртсэн билээ.

“Бээжин-2022” Өвлийн олимпийн наадамд оролцох тамирчид долоон спортын 15 төрлөөр, нийт 109 цогц медалийн төлөө өрсөлдөх юм.

Бээжин хот нь Зуны болон Өвлийн олимпийн наадмыг хоёуланг нь зохион байгуулсан анхны хот болох ажээ.

Уламжлал ёсоор Олимпийн наадам эхлэхээс яг нэг жилийн өмнө ОУОХ Үндэсний олимпийн хороод, тамирчдад албан ёсоор урилга илгээдэг бөгөөд өнөөдөр ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Хятадын үндэсний ТВ-ээр видео мэндчилгээ дэвшүүлэх юм.

Урьдчилсан байдлаар “Бээжин-2022” Өвлийн олимпийн наадамд 95 орны ҮОХ баг тамирчдаа илгээх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд харин Их Британий ҮОХ нь Хятадын эрх баригчид үндэсний цөөнхөд баримталж буй хүний эрхийн асуудлаа нааштай шийдэхгүй бол “Бээжин-2022” олимпод баг тамирчдаа оролцуулахгүй бойкот хийнэ хэмээн мэдэгдсэн билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Бээжин-2022” олимп эхлэхэд яг нэг жил үлдлээ  
Үзсэн: 1625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй