Шууд Chart

Баян-Өлгий аймгийн хөлбөмбөгийн холбоог танилцуулья

2021-02-07 12:58:29

Ш.Аман тэргүүнтэй Баян-Өлгий аймгийн хөлбөмбөгийн холбоо нь 2014 оны арванхоёрдугаар сард үүсгэн байгуулагдаж, 2015 оны хоёрдугаар сараас Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны гишүүн болжээ.

Мөн нарийн бичгийн даргаар С.Нурланыг томилон, ажиллуулж буй аж. Одоогоор тус холбоонд Азийн хөлбөмбөгийн “С” зэрэглэлтэй дасгалжуулагч М.Мейрамбек, Монголын хөлбөмбөгийн холбооны 2017 оны “Д” зэрэглэлтэй дасгалжуулагч О.Ертай, Ж.Арысбек, Т.Хамит, Х.Нуршаш /охидын баг/, Н.Досымбек /Алтай сум/, Болатбек /Бугат сум/, Монголын хөлбөмбөгийн холбооны 2017 оны анхан шатны шүүгч А.Хурмет, Б.Айбек нар хамтран ажиллаж байгаа гэнэ.  

Тус холбооны үйл ажиллагааны зорилго нь өөрийн аймаг, орон нутагтаа МХБХ-ны нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, хөлбөмбөгийн спортыг орон нутагтаа хөгжүүлэх, түүнийг сурталчил таниулах, мэргэжлийн дасгалжуулагч, тамирчдыг бэлтгэх, орон нутаг цаашлаад бүс, улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилт гаргах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршиж байгаа аж.

2015 оноос хойш бүсийн тэмцээнүүдээс гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль, нэг шилдэг довтлогч, 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 16 насны баг нэг алт, нэг мөнгө, нэг удаа 4-р байр, нэг тэгш тоглогч, нэг шилдэг довтлогч, нэг шилдэг хаалгач, залуучуудын баг 1-р шатны цомын эзэд, нэг шилдэг довтлогч, нэг шилдэг хамгаалагч, олон улсын чанартай тэмцээнүүдээс “Ер Жанибек” цомын олон улсын мини футболын аварга шалгаруулах тэмцээнд 2015 оноос 2019 он хүртэл оролцохдоо нэг удаа 4-р байр, Горно-Алтайск мужийн олон улсын мини футболын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, шилдэг хаалгач авсан амжилтыг үзүүлжээ.  

21 аймаг, улсын чанартай тэмцээнүүдэд хүчтэй өрсөлдөж чадахүйц өсвөрчүүдийн, идэрчүүдийн, насанд хүрэгчдийн залуу багтай болсон байгаа.

2017 онд МХБХ-той хамтран анхан шатны шүүгчдийн сургалт, МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчдын сургалтыг аймагтай зохион байгуулжээ. Тус сургалтын дараа гурван суманд хүүхэд, багачууд нь хөлбөмбөгөөр хичээллэж, тоглодог болсон ба зарим нь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тамирчид нь аймгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаж байсан болно.

Мөн 2017-2018 онд залуучуудын талбайн хөл бөмбөгийн “Өлгий лиг” тэмцээнийг нэг сарын турш зохион байгуулснаар өрсөлдөөн бий болгож, илүү сайн олон тамирчид гарах нөхцөл бүрджээ.

2015 оноос 14 болон 16 хүртэлх насны хөл бөмбөгийн дугуйлан, нас насны шигшээ багийн, залуучуудын шигшээ багийн бэлтгэл, 2018 оноос эхлэн шинээр 8-12 насны хүүхдүүдийн хөл бөмбөгийн дугуйлан, тус насны шигшээ багийн бэлтгэл болон 15 хүртэлх насны охидын хөл бөмбөгийн сонирхогчдын дугуйланг нэмж зохион байгуулан ажилласан байна.

2019 оны аймгийн спортын салбарын “Алтан бамбар” шилдгүүдийг шалгаруулах ёслолд тус холбооноос шилдэг спорт тоглоомын баг болон шилдэг дасгалжуулагч шалгарчээ.

2021 оноос эхлэн аймгийн Ахмадын холбоотой хамтран ахмадын хөл бөмбөгийн сонирхогчдын баг бүрдүүлэн тогтмол тоглуулах, сайжруулах, тэмцээнүүдэд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, аймгийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран охид, бүсгүйчүүдэд хөл бөмбөгийг сурталчилан дуртай болгох, уг спортоор хичээллүүлэх, мэргэжлийн охидын багийн дасгалжуулагч, охидын шигшээ багтай болох, улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд идэвхитэй оролцуулах, мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргдийн нийгмэлэг, байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг тус спортоор хичээллэх боломжийн судлах, дасгалжуулагч бэлтгэх, Улаанбаатар хотод холбооны дэргэдэх нутгийн зөвлөл байгуулан тэнд сурч, амьдарч буй хөлбөмбөгийн тамирчид, сонирхогчдад дэмжлэг үзүүлэх, аймгийг төлөөлөх мэргэжлийн клуб байгуулан МХБХ-ны тэмцээнүүдэд илүү ойроос тогтмол оролцож байх нөхцлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.  

Урт хугацааны төлөвлөгөөний хувьд аймгийн Хүүхэд, залуучуудын паркийн хөл бөмбөгийн талбайг холбооны үйл ажиллагаанд ашигтай, боломжийн цагийн хуваарьтай, үнэ төлбөргүй ашиглах, стандартын футзалын заалтай болох /жилийн 4 улиралд бүсийн, улсын, олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах, олон нийтэд хөлбөмбөгийг сурталчилан таниулах, тогтмол тэмцээн, дугуйлан, бэлтгэл хийх боломжтой болно/, АХБХ-ны “Хөл бөмбөгийн Мини Талбай”-н төслийн хүрээнд сургуулиудтай хамтран ажиллах, хөл бөмбөгийг дэмжигч, хандивлагч байгууллага, хувь хүмүүсийг олон нийтэд мэдээлэх, тэдэнд ашигтай, тогтмол хамтран ажиллахаар маркетингийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, холбооны үйл ажиллагаанд сайн дурын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн зөвлөл бий болгон зөвлөгөө авч, хамтран ажиллах, Өлгий сумын бүх сургуулиуд, бүх сумуудад болон цэцэрлэгүүдэд грассрутс /анхан шатны сургалт/ зохион байгуулах, тамирчидыг бага наснаас нь бэлтгэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллаж, холбооны арга хэмжээ, тэмцээнүүдийг болон биеийн тамирын багш, тамирчдад зориулсан Теле-сургалтыг орон нутгийн сувгаар жил болгон явуулж байх, Монгол улсын шигшээ багийн өдрөөр хөл бөмбөгийг сурталчилах арга хэмжээ буюу “Шигшээ багийн өдөрлөг” тогтмол зохион байгуулж хэвших, Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахаар мэргэжлийн тамирчид бэлтгэн гаргах, аймгийн шигшээ багийн мэргэжлийн сайн дасгалжуулагчтай болох зэрэг ажлуудийг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж буй.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Баян-Өлгий аймгийн хөлбөмбөгийн холбоог танилцуулья   
Үзсэн: 1032 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй