Шууд Chart

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн удирдах хорооны хурал боллоо

2021-03-05 12:06:19

Герман-Монголын хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн ээлжит Удирдах хорооны хурлыг 2021 оны гуравдугаар сарын 04-ний өдөр цахимаар зохион байгууллаа. Хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Удирдах хорооны дарга В.Үнэнбат, Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яамны “Олон улсын төсөл хөтөлбөр” хариуцсан 624-р рефератын дарга Б.Хоффштадт, төсөл хамтран хэрэгжүүлэгч монгол, герман талын албаны болон эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагуудын төлөөллүүд оролцов. Хурлаар төслийн гуравдугаар үе шатны хэрэгжилтийн үр дүнгийн тайланг хэлэлцэж, 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцуулж, баталсан юм.

 

Тус төслийн зорилго нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг, нийгэм, экологийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэхэд оршино. Энэхүү зорилгын хүрээнд салбарын төрийн бодлогын хэрэгжилтийг хангахад газар тариалангийн холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, таримал ургамлын сорт сорилт, үр үржүүлгийн системийг бий болгох, тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулах, газар тариалангийн зохистой дадал, ургамал хамгааллын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг үр ашигтай эрхлэх зэрэг чиглэлээр судалгаа, мэргэжлийн зөвлөгөө, сургалт, семинар, хэлэлцүүлгийг байнга зохион байгуулж иржээ. Удирдах хорооны хурлаар өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд хуримтлуулсан мэдлэг туршлагыг илүү олон тариаланчдад хүргэх ажлыг эрчимжүүлэх, зорилтот бүлгүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан ажлуудаа үргэлжлүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улсын төрийн гадаад бодлогын нэг хэсэг нь “гуравдагч хөрш”-ийн бодлого хэмээн заасан байдаг бөгөөд ХБНГУ-ыг түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааныхаа гурав дахь хөрш, Европ тив дэх гол хамтрагчаа гэж үздэг. Хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь хүнс, хөдөө аж ахуйн салбар билээ. Одоогоос арваад жилийн өмнө Холбооны ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Мюллерын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хамтарсан төсөл хэрэгжүүлэх тухай яриа хэлэлцээг хийж тохиролцсон байдаг. Анх 2013 онд хамтран эхлүүлсэн “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл өнөөдөр гурав дахь үе шатандаа амжилттай хэрэгжиж байна.

Төслийн үндсэн чиглэлүүд, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.dmknl.de/mn цахим хуудаснаас үзнэ үү.  

 
Эх сурвалж: ХХААХҮЯ

“Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн удирдах хорооны хурал боллоо  
Үзсэн: 564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй