Шууд Chart

Растислав Бозик: Японы бус өөрсдийн тоглолтод гол анхаарлаа хандуулж байна

2021-03-29 15:26:46

 

Өмнө нь мэдээлж байснаар Японы эсрэг хийх ДАШТ болон Азийн АШТ-ий урьдчилсан шатны тоглолтын бүхий л үйл ажиллагаа цахимаар явагдаж байгаа. Тус журмын дагуу Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик болон багийн ахлагч Н.Цэдэнбал нар цахимаар хэвлэлийн бага хуралд оролцлоо.

Растислав Бозик: “Энэ тоглолт хуваарийн дагуу Монгол Улсад зохион байгуулагдах байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас Япон улсад болж байна. Талбайн давуу тал гэж байхгүй. Гэхдээ үүнийг шалтаг гэж битгий ойлгоорой. Бид маргаашийн тоглолтод бэлэн. Бид Японы шигшээ багийн эсрэг маш олон зорилго тавьсан. Тиймээс Японы шигшээ багийн тоглогч болон тоглолтод ач холбогдол өгөлгүйгээр, өөрсдийн тоглолтод илүү төвлөрч, анхаарах болно. Бид энд ирсэн мөчөөсөө эхлэн Япон улсын Засгийн газраас гаргасан дүрэм, журмыг мөрдөж байгаа. Яг энэ үед бол корона вирусын эсрэг яавал сайн, яавал муу вэ? гэдгийг 100% мэдэх хүн байхгүй. Нөхцөл байдал ийм л байна. Япон хүмүүс бол маш хариуцлагатай, жижиг зүйлийг ч нарийн хийдэг. Заримдаа энэ нь надад төвөгтэй мэт байгаа ч, энэ нөхцөл байдалд дүрэм журмыг хүндэлж байгаа.

Тоглогчийн сонголтын хувьд мэдээж хүнд байсан удаан хугацаанд тоглогчид маань олон улсын болон дотоодын тоглолт хийгээгүй. Өнгөрсөн оны лигийн төгсгөлд сонгосон тоглогчдоо гол цөм болгосон. Төдийгөөс өдий хүртэл энэ тоглогчид тасралтгүй бидэнтэй бэлтгэл хийсэн. Цар тахлын үед бэлтгэл хийнэ гэдэг тун хэцүү хүнд бие бидэнд байсан. Гэхдээ даваад гарсан. Одоо харин тоглох л үлдлээ” гэсэн юм.

Н.Цэдэнбал: “Талбай дээрээ хийх байсан тоглолт маань Япон улсад болох болсонд маш их харамсаж байгаа. Монголын олон мянган фанатууд, дэлхийн шилдгүүдийг дэргэдээс нь харж, Монголын шигшээгээ дэмжихийг маш их хүсч байсан. Харамсалтай нь цар тахлын улмаас нөхцөл байдал ийм боллоо. Тамирчдын хувьд удаан хугацаанд тоглолт хийгээгүй, цар тахлын хорио цээрийн үеэр дасгалжуулагчийн багаас өгсөн дасгалуудыг гэрийн нөхцөлд хийж бэлтгэл хангасан. 21 хоног Турк улсад бэлтгэл хийсэн. Бид ирэх тоглолтод 100 хувь бэлэн. Япон улсаас тавьж байгаа цар тахлын дүрмүүдийн хувьд гэвэл биднийг энэ аюулт цар тахлаас хамгаалж байгаад баярлалаа” гэв.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Растислав Бозик: Японы бус өөрсдийн тоглолтод гол анхаарлаа хандуулж байна  
Үзсэн: 1417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй