Шууд Chart

Япон дахь Монголчуудын хаврын баяр онлайнаар явагдана

2021-05-07 09:51:30

Жил бүр уламжлал болон явагддаг Япон дахь Монголчуудын хаврын баяр энэ жил цахимаар явагдахаар боллоо.

1999 оноос эхэлсэн тус баяр нь Наран улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа Монголчуудын хамгийн том баяр юм.

Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан ч энэ жил цахимаар зохион байгуулахаар болжээ.

Цар тахалын аюул намжаагүй байгаа ч энэ жил баярыг заавал зохион байгуулах болсон нэгэн том шалтгаан бол “Токио-2020” олимпын наадам юм.

Жил бүрийн хаврын баярын арга хэмжээний томоохон хэсэг нь спортын тэмцээн уралдаан байдаг.

Манай алдарт сүмо бөхчүүд бүх уралдаан тэмцээнийг ивээн тэтгэж, шагнал гардуулдгаас гадна заримд нь өөрсдөө оролцдог уламжлалтай.

Нэг жил хойшлогдсон Токиогийн олимпын наадам ирэх долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ.

Шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлэн, энэ удаад гадаадын үзэгчдийг хүлээн авахгүй болсон.

Харин дотоодын үзэгчдийг цэнгэлдэх хүрээлэнд оруулах эсэхийг ирэх зургаадугаар сард шийдэх юм байна.

Хэрэв дотоодын спорт сонирхогчдод олимпын наадмыг үзэх зөвшөөрөл олговол манай улсын олимпын шигшээ багийг дэмжих гол хүмүүс болох Японд аж төрж байгаа Монголчууд, Монгол Улсыг дэмжин, хамтран ажилладаг Япончууд нэвтрэх боломжтой болно.

Энэ утгаараа энэ жилийн хаврын баяр манай тамирчдын хувьд чухал үйл явдал болж байна.

Хаврын баярт манай улсын иргэдээс гадна Монголд элэгтэй Япончууд, Монголын шигшээ багийг олимпын үеэр хүлээн авах хотын төлөөлөгчид оролцох болно.

Их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүтэй сүмочид болон Монгол Улсаас Токитэнкү А.Хүчитбаатар агсны гэр бүл оролцох юм.

Японы Намэгата хот – Хүндийг өргөлт, Яхико – Байт харваа, Изүмисано – Хөнгөн атлетик, Сакүрагава – Буудлага, Имабэцү – туялзуур сэлэм, Изүнокүни – жүдо, Шимада хот – Бокс, ширээний теннисний багийг хүлээн авч, дэмжихэд бэлэн болоод байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Япон дахь Монголчуудын хаврын баяр онлайнаар явагдана  
Үзсэн: 685 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй