Шууд Chart

Жиен-Пиэрри Лакройс: Монгол цэргүүд НҮБ болон Монгол Улсын аль алиных нь бахархал

2021-05-12 10:37:05

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Жиэн-Пиэрри Лакройс орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ ирүүллээ.

Мэндчилгээнд "Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон Зэвсэгт хүчний удирдлага, нийт алба хаагчид, энхийг сахиулагчдад энэхүү баярт өдрийн халуун мэндийг хүргэе. Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд өнгөрсөн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн болон одоо үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргүүдэд ёслон мэндчилэхийн ялдамд НҮБ-ын цэнхэр далбаан дор үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайвны төлөө амиа өргөсөн эрэлхэг цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж байна.

Өнөөдөр Монголын Зэвсэгт хүчнээс энхийг сахиулж байгаа дайчдын ихэнх нь БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс анх 2011 оноос тусгаар тогтнолоо олоод удаагүй байсан дэлхийн хамгийн залуу улс болох БНӨСУ-ыг хөл дээрээ бат зогсоход туслах зорилгоор тус улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд энхийг сахиулагчдаа илгээсэн бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл маш хүнд нөхцөл байдалд үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Одоо тус улсын энхийн хэлэлцээрийг мөрдүүлэхэд Монгол Улсын Цэргийн баг, штабын офицерууд, цэргийн ажиглагч нар өөрсдийн мэдлэг, дадлага, ур чадвараа дайчлан ажиллаж байгаа бөгөөд тэд мэргэжлийн өндөр бэлтгэлжилт, үүрэг гүйцэтгэх чадвараараа бусдаас онцгойрч дэлхий дахинд танигдсан.

БНӨСУ болон бүс нутагт байгаа тоолж баршгүй олон иргэд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд итгэж, найдаж ирсэн бөгөөд одоо ч өөрсдийн аюулгүй байдлаа даатгасан хэвээр байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын үнэнч үүрэг гүйцэтгэл нь НҮБ болон Монгол Улсын аль алиных нь бахархал юм.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин тууштай хувь нэмэр оруулахын зэрэгцээ энхийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй явдалд бид бүхэн гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа бол дэлхийн энх тайван, аюулгүй байдалд оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт юм гэдгийг онцлон тэмдэглээд, энхийн үйлсэд хамтдаа зүтгэх бидний хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Эх сурвалж: ЗХЖШ


Жиен-Пиэрри Лакройс: Монгол цэргүүд НҮБ болон Монгол Улсын аль алиных нь бахархал  
Үзсэн: 1840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй