Монгол Улсын Засгийн газар мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогын хүрээнд Мэргэжлийн болон Техникийн боловсролын сургалтын байгууллагын менежментийг баялаг бүтээгчдэд шилжүүлж байна.
Энэ дагуу Монгол Улсын шилдэг татвар төлөгч, үндэсний тэргүүлэгч компаниудын удирдлагууд 33 политехникийн коллежтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Ерөнхий сайд Н.Учрал: Өнөөдөр бид мэргэжлийн боловсрол, үйлдвэрлэл, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавьж буй чухал үйл явдлын гэрч болж байна. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд онолын мэдлэгээс гадна практик ур чадвар, ажлын байрны дадлага, шинэ технологид дасан зохицох чадвар хамгийн үнэ цэнтэй болоод байна. Сургууль дангаараа ур чадвар бэлтгэдэг тогтолцоо үеэ өнгөрөөж байна. Төгсөгчид дипломтой ч ажилд бэлэн биш, харин ажил олгогчид ур чадвартай ажилтан хайсаар байна. Иймд мэргэжлийн боловсролын байгууллага болон бизнесийн салбар хамтран ур чадвартай ажилтан бэлтгэдэг тогтолцоонд шуурхай шилжих шаардлагатай байна. Засгийн газар иргэн, бизнес эрхлэгчдээ хязгаарлаж, хааж боодог биш боломж олгож ажиллана гэдгийг онцолсон юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт MCS групп, Монголын Алт ХХК, АПУ ХХК, Таван богд групп, Хурд групп, Макс групп, Гацуурт ХХК, “Өгөөж-Чихэр боов” ХХК, Монос групп, Оюутолгой ХХК, Эрдэнэс Монгол ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Энержи Ресурс ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурсан юм.
Энэхүү хамтын ажиллагаа нь:
- “Түнш байгууллага” (anchor company)-ын шинэ тогтолцоо нэвтрүүлнэ.
- Аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн хэрэгцээ шаардлага, цаг үетэйгээ нийцүүлэн сургалтын агуулга, хөтөлбөрийг хамтран шинэчилнэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээнд нийцсэн чадварлаг боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэнэ.
- Сургуулийн дэргэд хувийн хэвшлийн оролцоотой дадлага, сургалтын төв, лаборатори, гарааны компани байгуулахад хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх боломжийг нээнэ. Өөрөөр хэлбэл, сургалтын орчин, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах санхүү, татварын таатай нөхцөл бүрдүүлэх давуу тал бүрдэнэ.
Мөн тухайн суралцагчийг цалинтай дадлагажих, ажиллах боломжийг нээж өгөх юм байна.
Зөвхөн дипломтой бус, ажлын байранд гараад шууд ажиллах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны энэхүү эхлэл нь тогтвортой, үр өгөөжтэй, харилцан итгэлцэлд суурилсан урт хугацааны түншлэл болох нь чухал гэдгийг Ерөнхий сайд хэлэв.




| Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ | ||
| Үзсэн: 90 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.