Шууд Chart

“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа

2026-05-07 17:37:31

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран үе тэнгийнхний дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” мэдээлэл, нөлөөллийн аяныг энэ оны 04 дүгээр сарын 13-наас эхлэн улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Ийнхүү өнөөдөр /2026.05.07/ “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг болж Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн хурандаа А.Амарбат, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгч Л.Хосбаяр болон Ерөнхий боловсролын сургуулийн 400 гаруй сурагчид оролцлоо.

 “Бид дээрэлхэлтгүй нийгмийг бид бүтээж чадна” уриатайгаар зохион байгуулж буй “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аянаар эцэг эх, багш, иргэдийн үе тэнгийн дээрэлхэлтийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэхээс гадна дээрэлхэлтийг үл тэвчих зөв хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хохирогчийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн 120 мянга гаруй сурагчдад эрх зүйн мэдлэг олгох сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулж, хүүхэд хамгаалал, үе тэнгийн дээрэлхэлтийн хор уршиг, цахим орчны эрсдэлийн талаар мэдээлэл хүргээд байна.

Мөн эрсдэлтэй гэж үзсэн 2800 цэгт хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажилласны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэргийн гаралт өмнөх үзүүлэлтээс 27.2 хувиар буурсан.

Цаашид хүүхэд хамгаалал, үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, иргэдийн оролцоонд тулгуурласан урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар тогтмол хэрэгжүүлнэ.


“365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” аяны өдөрлөг зохион байгуулагдлаа  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй