Шууд Chart

Манчестер Сити баг гурван тойргийн өмнө аварга болох болзлоо хангалаа

2021-05-12 15:30:36

Английн Премьер лигийн 35-р тойргийн нөхөн тоглолтууд өчигдөр явагдаж, Манчестер Сити баг гурван тойргийн өмнө аварга болох болзлоо хангалаа. Лигийг тэргүүлэгч Ситигийн араас 10 оноо дутуу аман хүзүүнд явж байсан Манчестер Юнайтед өчигдөр талбайдаа Лэйстер Ситиг хүлээн аван тун хариуцлагатай тоглолтыг хийсэн. Хэрэв Юнайтед энэхүү тоглолтонд хожигдвол Сити гурван тойргийн өмнө аварга болох байсан юм. Тоглолт ч эхэлж, Лэйстер Сити өрсөлдөгчөө талбайд нь Люк Томас, Чалар Сёюнджю нарын гоолоор 2-1 гэсэн харьцаатай хожиж, Ситид аварга болох замыг нь засч өглөө.

Ийнхүү Манчестер Сити сүүлийн есөн жилийн хугацаанд тав дахь удаагаа Премьер лигийн аваргаар тодорч байна.

Аварга болсноо мэдсэн Манчестер Ситигийн ахлах дасгалжуулагч Пеп Гвардиола “Энэ улирал, энэ Премьер лигийн цом бусадтай адилгүй. Үнэхээр хамгийн хэцүү нь энэ байлаа. Бид хэрхэн аварга авснаа үргэлж дурсч явах болно. Би энд байгаадаа, энэ залуусыг удирдаж байгаагаараа бахараж байна. Залуус маань маш онцгой. Энэ улирлыг давахын тулд бид маш олон хязгаарлалт, хүнд сорилтуудтай нүүр тулсан. Бидний гаргасан тууштай байдал ч гайхалтай байлаа. Өдөр бүр залуус маань амжилтын төлөө тэмцэж, илүү байхыг хичээлээ. Тэд бол нятаршгүй. Би Испани, Германы лигүүдэд баг удирдаж байсан. Гэхдээ би Английн лиг хамгийн хэцүү нь гэж хэлж чадна” хэмээжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манчестер Сити баг гурван тойргийн өмнө аварга болох болзлоо хангалаа  
Үзсэн: 1431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй