Шууд Chart

Өнөөдөр эхэлж буй Номын баяр гурав хоног үргэлжилнэ

2021-06-11 11:58:28

Номын баяраар бүх ном 5-60 хувь хямдардаг бөгөөд цоо шинэ болон олдоц муутай ховор номуудыг ч нэг дороос авах боломж энэ баяраар л тохиодог. Тухайлбал, 29 дэх удаагийн “Номын баяр”-т “Анд” хэвлэлийн газар хүүхдийн болон уран зохиолын 100 гаруй нэр төрлийн бүтээлээрээ оролцож байна. Түүнчлэн тус хэвлэлийн газар Номын баярт зориулж, эрхлэн гаргасан бүх номоо 10-60 хувь хүртэл хямдруулж байгаа аж.

“Анд” хэвлэлийн газрын онцлох бүтээлүүд:

Зохиолч Н.Бадамжав “Амуль”

Бэсрэг роман, тууж өгүүллэгээс бүрдэх “Амуль” ном тайгын өвөрмөц амьдралыг өөр өөр үйл явдлаар холбон бичсэн онцлогтой. Ойн иргэдийн амьдрах хэв маяг нь байгаль эхийг шүтэх гүн сүсэг бишрэлтэй салшгүй холбоотой учраас зүүд, зөн совин, чанад ертөнцийн учир битүүлэг, юмс үзэгдэл, тайлж тайлбарлах боломжгүй тэр далд холбоо хэлхээг бодит ахуйтай чадварлаг сүлжин бичиж, үйл явдлыг итгэл үнэмшилтэй хүүрнэнэ.

Зохиолч Н.Бадамжав “Дайсику”

“Дайсику”-д хөвчийн нэгэн отог омог байгалийн гэнэтийн гамшигт өртөн, солирын бороонд сүйрч мөхөөд, түүний суурин дээр шинэ хот байгуулагдсан тухай гардаг. Байгальтай амь нэгтэй амьдарч байсан хүмүүсийн зан араншинг юу эвдэж, амгалан тайван амьдралыг юу бусниулав.  Ташрамд дуулгахад, Зохиолч Н.Бадамжавын “Модон сахалт” цоо шинэ роман тун удахгүй хэвлэгдэж, уншигч олонд хүрэх аж.

Проспер Мериме “Коломба”

Францын романтизмын үеийн нэрт төлөөлөгч, түүхч, археологич, зохиолч Проспер Мериме 1803 онд мэндэлжээ. Олон талын авьяас билэгт уг зохиолч зохиол бүтээлүүдээ түүхэн сэжмээр холбодгоороо Европ даяар алдартай. Тэрээр 1840-1847 оны хооронд алдарт "Кармен" романаа бичиж, уншигчдын хүртээл болгосны дараахан хөгжмийн зохиолч Бизет түүний эл романыг дуурь болгосноор дэлхийн өнцөгт булан бүрт сонгодог урлагийн томоохон төлөөлөл болон тоглогдож байна. Кармен романы дараагийн тэсрэлт хийсэн зохиол яахын аргагүй Коломба. Корсик нутгийн уугуул иргэдийн ёс заншил, зоригт Коломба бүсгүйн эцгийгээ гэсэн сэтгэл нь Францын төдийгүй дэлхий дахины классик уншигчдын сэтгэлийг ховстон, өдгөө ч нэр хүнд нь улам өссөөр байна. Мэдээж түүний зохиол түүхэн сэжимтэй байдаг учир Корсик нутагт очих хүсэлтэй жуулчдын тоо эл бүтээлийг гарснаас хойш тасралтгүй өссөн аж.

“Захиалгат аллага” цуврал, “Өв залгамжлагчид” нэртэйгээр дахин хэвлэгджээ

Зохиолч, сэтгүүлч Хон Хэрээдийн Б.Энхбатын түүхэн бодит явдлаас сэдэвлэсэн “Өв залгамжлагчид” цуврал роман анх 1990-ээд оны эхэнд хэвлэгдсэн. 2018 онд зохиогчийн хүсэлтээр “Захиалгат аллага” нэрээр шинэчлэгдэн хэвлэгдэж байсан бол 2021 онд “Өв залгамжлагчид” нэрээр дахин худалдаанд гарч байна.

Хон хэрээд овогт Базар болон түүний хүү Батаагийн хувь заяа хэрхэн эргэхийг “Өв залгамжлагчид” цуврал романаас унших боломжтой.

Михайл Булгаков “Залуу эмчийн тэмдэглэл”

Хөдөө тосгоны буйд бөглүү ахуйд дөнгөж сургууль төгссөн залуу эмч томилолтоор очсон өдрөөсөө л хээгүй, хэнэггүй тариачдын архагшуулж, газар авхуулсан өвчинтэй тэмцэж эхэлнэ.

Уг зохиолд гарах өвчин намдаах эм морфины хамааралд орсон залуухан эмчийн тэмдэглэл зохиолчийн өөрийнх нь түүх юм. Ямар ахархан хугацаанд бие мах бодь, оюун санааг нь эзлэн авсан мансууруулах бодисын хамаарал, донтолт үхлээр төгсөж байгаа тухай өдөр өдрөөр, цаг минутаар тэмдэглэлээ үлдээгээд, оюун санаа, зүүд зөнгөөрөө амьд ч биеэрээ, мэдрэхүйгээрээ насан эцэслэж буй тухай өгүүлнэ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өнөөдөр эхэлж буй Номын баяр гурав хоног үргэлжилнэ  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй