Шууд Chart

О.Цэнд-Аюуш: “Хүннү хүн” (шүлэг)

2021-07-10 12:08:15

ХҮННҮ ХҮН

Хүннү хүний яс

Булшин дотор байхгүй

Хүмүүн болж төрсөн

Бидний дотор байна

Энэ л алтанхан ясыг бид

Хугарахад нь дуу алдан харамсаж

Хавталзахад нь дуугаа хураан гэмшиж

Халахад нь инээд алдан баярлаж

Хөрөхөд нь эмгэнэн гашууддаг аа

 

Хүннү хүний цус

Цагаан хэрмэн дээр байхгүй

Хүн болж төрсөн бидний

Улаан бие дотор байна

Энэ л ариухан цусыг бид

Асгарахад нь нүд халтиран шимширч

Урсахад нь шүд зуун тэсч

Буцлахад нь эрт урдын цаг шиг ээ болж

Бүлэгнэхэд нь эрт оройн дурсамж болдогоо

 

Хүннү хүний сэтгэл

Өөр хүнд үгүй ээ

Хүй цөглөж төрсөн бидний

Амин дотор байна

Энэ л сайхан сэтгэлийг бид

Гунихад нь нугаран унаж

Баярлахад нь сугаран ургаж

Асахад нь хүлэг мориндоо мордож

Амирлахад нь хөх тэргэндээ ачдагаа

 

Хүннү хүний зүрх

Хүний, хүний энгэрт байхгүй

Хүйтэн, халуунд дассан

Бидний цээжинд байна

Энэ  л алагхан зүрхийг бид

Цохилоход нь ээжийдээ ирж

Цочиход нь аавыгаа алдаж

Булиглахад нь амрагаа олж

Бууралтахад нь хорвоогоос буцдагаа

 

Хүннү хүний дуу

Харийн хэлэнд байхгүй

Хүний л ээ үр болж төрсөн

Бидний л ээ хоолойд байна

Энэ л гунигтайхан дууг бид

Сонсохдоо зангиран хөндрүүрлэж

Аялахдаа ахыгаа санаж

Дуулахдаа алсыг харуулдаж

Дуусахад нь адуу тангаралдахыг үздэгээ

 

Хүннү хүний зовлон

Хан улсын шар сударт байхгүй ээ

Хүч чадлаа алдаж яваа бидний

Гашуун нулимсан дотор байна

Энэ л мөнхийн зовлонг бид

Мөрнөөсөө мөр дамжуулан үүрч

Гарнаасаа, гар дамжуулан дүүрч

Бөхийсөн эцгээсээ өвлөн авч

Бөгтийхөөрөө хүүдээ өгдөгөө

 

Ай Хүннү хүн

Алаг морьдоо

Алтайн нуруунд орхисон

 

Ай Хүннү хүн

Хар морьдоо

Хангайн нуруунд орхисон

 

Ай Хүннү хүн

Хээр морьдоо

Хэнтийн нуруунд орхисон

 

Ай Хүннү хүн

Алдар суугаа

Монголын нуруунд л орхисон

 

 2021-6-24-ний өдрийн 23:45 цаг

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

О.Цэнд-Аюуш: “Хүннү хүн” (шүлэг)  
Үзсэн: 1646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй