Шууд Chart

“Токио-2020” олимпын наадмын нээлт өнөөдөр 19 цагт эхэлнэ

2021-07-23 09:34:30

Зуны 32 дахь олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр 19.00 цагт эхэлнэ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа сая сая хүн цэнхэр дэлгэцийнхээ өмнө "Токио-2020"-ийн нээлтийг хүлээн суугаа. Наадмын нээлт гэдэг бол зохион байгуулагч орон өөрсдийнхөө түүх соёлыг дэлхийн дахинд сурталчлах, баг тамирчдаараа гангарах, улс үндэстнүүдийн төлөөллийг нэгэн дээвэр дор цуглуулах гайхалтай боломж байдаг.

Өнгөрөгч 2008 оны Бээжингийн олимпийн наадмын нээлтийг Хятадын алдарт кино найруулагч Чжан Имоу найруулж, дөрвөн цагийн үзүүлбэрт, 15 мянган уран бүтээлч оролцож, 100 сая ам.доллараар бүтэж байсан түүхтэй. Үүний дараа 2012 онд Академийн шагналт найруулагч Данни Бойл Лондонгийн олимпыг найруулж, Дэвид Бекхем, Английн алдарт хоёр давхар улаан автобусыг бүтээлдээ тусгаснаас гадна Хатан хаан II Элизабет хүртэл Жэймс Бондтой хамт нисдэг тэрэгнээс үсэрч байв. Тэгвэл 2016 оны олимпийн наадам харьцангуй Бразил улсын ёс, зан заншлыг харуулж, уур амьсгалын өөрчлөлт, байгаль хамгаалал чиглэлээр нээлтээ хийсэн. Харин одоо Токио дэлхийн дахинд шоугаа толилуулах цаг ирлээ. Өмнөх шиг цэнгэлдэх дүүрэн үзэгч байхгүй учир тамирчид хоосон талбайд жагсч, уран бүтээлчид хоосон газар тоглолтоо хийнэ.

"Токио-2020" зохион байгуулах хорооны ёслолын ажиллагааны гүйцэтгэх продюсер Такаюки Хиоки ярихдаа “Олимпийн наадам хойшилсон учир бид нээлтийн үйл ажиллагаагаа хялбарчлах болсон нь хамгийн хэцүү хэсэг нь байлаа. Бид ч үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа эрс шинэчлэх шаардлагатай болсон. Бараг таван жил төлөвлөсөн зүйлээ дахин шинэчлэх хэрэгтэй болсон л доо. Энэ л хамгийн том сорилт байлаа” гэжээ.

Цар тахлын улмаас олимпын наадмын нээлтийн үйл ажиллагаанд зөвхөн сонгогдсон албан тушаалтнууд, эрхмүүд оролцоно.

Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Хидэмаса Накамүрагийн хэлснээр 950 гаруй тусгай зочид өнөөдрийн үйл ажиллагаанд оролцох аж. Тэдний 800 нь гадны зочид бол 150 нь Япончууд байх гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ удаагийн олимпын нээлтэд Японы уран бүтээлчид болох Сэйгэн Токүзава, Марихико Хара, Маяасүки Кагэй болон комедигийн хослол Хиро-Пон нар оролцох ажээ.

Японы эзэн хаан Нарүхито гэр бүлээ төлөөлөн ганцаараа олимпын нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

Баг тамирчид эхнээсээ олимпийн нээлтэд оролцох гишүүдийнхээ тоог зарлаад эхэлжээ.

Өмнөд Солонгос

Олимпийн нээлтэд – 26 тамирчин

Туг баригч – Хван Сүн Вү, Ким Ён Күг

Багийн нийт гишүүдийн тоо – 354 (Үүний 232 нь тамирчин)

Канад

Олимпийн нээлтэд – 30-40 тамирчин

Туг баригч – Миранда Айм, Натан Хираяама

Багийн нийт гишүүдийн тоо – 370

Энэтхэг

Олимпийн нээлтэд – 50 тамирчин болон албаныхан

Нийт гишүүдийн тоо – 228 (Үүний 119 нь тамирчин)

Австрали

Олимпийн нээлтэд – 50 тамирчин болон албаныхан

Нийт гишүүдийн тоо – 472

Харин Монгол Улсаас энэ долоо хоногт 72 хүний бүрэлдэхүүнтэй хоёрдугаар ээлжийн баг тамирчид Токиог зорьсон. Үүний 33 нь тамирчид болон дасгалжуулагчид байжээ. Харин нэгдүгээр ээлжинд бокс болон 3х3 сагсан бөмбөгийн тамирчид явсан. Монголын олимпийн туг баригчдаар жүдогийн тамирчин, МУГТ Ө.Дүүрэнбаяр болон 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар сонгогдсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Токио-2020” олимпын наадмын нээлт өнөөдөр 19 цагт эхэлнэ  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй