
Цагтаа Монголын хамгийн тансаг зочид буудлуудын нэг гэгдэж, төрийн томчууд үйлчлүүлдэг байсан “Хангай” зочид буудлыг 1980 онд барьж 90-ээд оны эхээр “Од” компанийн захирал О.Шийтэр түрээсэлж байгаад эргүүлэн төрд буцааж өгсөн гэдэг. Тухайн үед нийслэлийн удирдлагууд дуудлага худалдаагаар уг зочид буудлыг 600 сая төгрөгөөр “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханд зарсан гэх яриа ч бий. Тухайн үедээ л их мөнгө гэгдэж байсан 600 сая төгрөгөөр үнэлэн өгсөн гэдэг боловч яг мөнгө төлсөн гэсэн баримт байдаггүй байна.
Харин одоо тус барилга нь тэр чигтээ балгас болж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөх болсоор удаж байгаа. Золбин нохой, гудамжныхны цуглаж, задгай бие засах газар болгос уг барилгаа өмөөрч “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан “Миний хөрөнгө үрэгдэнэ үү, өнгө зүсээ алдана уу хэнд ч хамаагүй. Балгас болсон ч яадаг юм” хэмээн гэдийж бусдад зарж, түрээслэхээр татгалзаж ирсэн.
Сууриасаа хазайлт өгч, арматур нь цуурсан гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлттэйгээр хаагдсан уг барилгыг ашиглахгүй удсан шалтгаан нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүйнх гэж байсан билээ.
Харин одоо Б.Жаргалсайхан балгас болсон барилгынхаа үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг авсан болохоор засвар хийж үйл ажиллагааг нь эхлүүлэх боломжтой болжээ.
Уг нь саяхан л Засгийн газар болон хотын шинэ дарга Э.Бат-Үүл уг барилгыг нураана, хэрэв 600 саяыг төлсөн нь нотлогдохгүй бол хувьчлалыг буцаах хүртэл арга хэмжээ авч магадгүй хэмээн ярьж байсан. Гэтэл маш хурдан асуудал шийдэгдэж барилгын үйл ажиллагааг эхлүүлэх зөвшөөрлийг Б.Жаргалсайханд өгсөн нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байна. Уг барилгад хамгийн эхэнд хөрөнгө оруулах хөрөнгө оруулагчид нь солонгосчууд байна гэдгийг эх сурвалж хэллээ.
Удахгүй засвар хийгдэж ашиглалтад орох тус барилга дотор ямар үйл ажиллагаа эрхлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч хуучин шигээ зочид буудлын зориулалтаар ашиглах магадлал өндөр байна.
Хангай зочид буудал удахгүй ашиглагдаж эхлэх нь ээ | ||
Үзсэн: 6502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.