Шууд Chart

Александр Лукашенко: Шаардлагатай бол ОХУ-аас цэргийн дэмжлэг хүснэ

2021-08-01 13:34:32

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко шаардлага гарвал ОХУ-ын цэргийг нутагтаа байрлуулах хүсэлт гаргахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Гэхдээ яг одоогийн нөхцөлд Беларусь улс Оросоос цэргийн дэмжлэг хүсэх шаардлага байхгүй гэж мэдэгджээ.

Беларусийн төрийн мэдлийн Белта мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа Лукашенко өнгөрсөн оны засгийн газрын эсрэг жагсаал үймээнийг гаднын улсын зэвсэгт хүчний дэмжлэггүйгээр дарж чадсан гэдгээ онцолжээ. Гэхдээ тэрээр шаардлага гарвал Оросын цэргийг оруулахаас буцахгүй. Беларусь нэг дор 500 мянган цэрэг дайчлах нөөц бололцоотой, хэрвээ энэ тоо хангалтгүй болбол Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг урих болно гэж мэдэгдсэнийг Белта агентлаг уламжилсан байна.

Мөн баасан гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Москва Беларусиас цэрэг илгээгээч гэсэн ямар ч хүсэлт хүлээж аваагүй,  цэрэг хөдөлгөх нь нэг улсын төрийн тэргүүнээс нөгөө улсын төрийн тэргүүнд албан ёсны хүсэлт илгээсэн нөхцөлд л хэрэгжих боломжтой асуудал юм гэж мэдэгджээ. ОХУ болон Беларусь нь цэрэг, батлан хамгаалахын салбарт ойр харилцаатай. Тухайлбал Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далай дахь цөмийн шумбагч онгоцнуудыг хянадаг Оросын радарын хоёр станц Беларусь улсад байрладаг аж.

Ирэх 9 дүгээр сард Орос, Беларусь хоёр цэргийн хамтарсан сургуулилт хийхээр төлөвлөж байна. саяхныг хүртэл Лукашенкогийн засгийн газар Беларусь дахь цэргийн хүчээ нэмэгдүүлэх гэсэн Москвагийн оролдлогыг эсэргүүцэж, газар нутагт нь агаарын цэргийн бааз нээж, нэмэлт цэрэг байрлуулах хүсэлтийг нь няцааж байсан юм. Гэвч Лукашенко 2020 оны 8 дугаар сард улиран сонгогдож, 6 дахь бүрэн эрхээ эхлүүлсний дараа олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, Беларусь улс төрийн хямрал үүссэн. Энэ үеэр ОХУ хөршдөө цэргийн дэмжлэг үзүүлэхээ амлаж, Беларусийн эдийн засгийг дэмжихээр 1,5 тэрбум долларын зээл олгоод байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Александр Лукашенко: Шаардлагатай бол ОХУ-аас цэргийн дэмжлэг хүснэ   
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй