Шууд Chart

Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо

2021-08-02 15:11:16

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-г тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан.

Өмнө нь уг хэргийг шүүхэд ирүүлэхэд яллагдагч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцааж байсан.

Прокурор хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэн 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгний хохирол бүхий 456 хохирогчид холбогдох 69 хавтаст хэрэг шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж яллагдагчийн өмгөөлөгчийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг хүлээн авч, Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт явуулахаар товлон зарлаад байна гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.


Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлолоо  
Үзсэн: 429 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй