Шууд Chart

ЗГ: Хичээлийн шинэ жилийг есдүгээр сард эхлүүлнэ

2021-08-04 18:01:58

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 04-нд болж, бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх, бэлтгэл хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох албаны хүмүүст даалгав.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс, их, дээд сургууль, коллежийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс цахимаар, 13-наас танхимаар эхлүүлнэ. Их, дээд сургуульд хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан Улаанбаатар хотод ирж суралцах урьдчилсан төлөвтэй тул хичээл эхлэх хугацааг ялгаатай тогтоосон байна.

Хичээлийг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна. Халдвар илрээгүй ногоон түвшинд байгаа ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг танхимаар зохион байгуулна. Хүн хоорондын зай баримтлан анги танхимын багтаамжаас хамаарч нэг анги, бүлэгт хичээллэх хүүхдийн тоо 20-25 байна.

Аймгийн төв, нийслэлд байршилтай ерөнхий боловсролын сургууль болон халдвар илэрсэн тохиолдолд бүс нутаг дахь ерөнхий боловсролын сургуулийн суралцагчид хоёр бүлэгт хуваагдаж танхимд тав хоног, гэр бүлийн орчинд тав хоногт зайн, цахим хэлбэрээр тус тус ээлжлэн хичээллэнэ.

Цэцэрлэгт эхний ээлжинд дөрөв, таван настай хүүхдийг танхимаар хамруулна. 2-3 настай хүүхдийг коронавируст халдварын нөхцөл байдал болон улирлын томуу, томуу төст өвчлөлийн вакцинжуулалттай уялдуулан цэцэрлэгт үе шаттай хамруулна. 

Энэ хичээлийн жилд 1.515 цэцэрлэгт 232,000 хүүхэд, 854 сургуульд 718,817 сурагч, 75 МСҮТ-д 40,165 суралцагч, 88 дээд сургуульд 150,100 оюутан суралцана. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, политехникийн коллежийн багш, ажилчдын 90 гаруй хувь нь коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан. Мөн наймдугаар сарын 2-ны байдлаар 12-17 насны нийт хүүхдийн 74.8 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна гэж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэллээ.


ЗГ: Хичээлийн шинэ жилийг есдүгээр сард эхлүүлнэ  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй