Шууд Chart

ХБНГУ ирэх сараас коронавирусний гуравдахь тунг хийнэ

2021-08-05 12:08:47

Германы эрүүл мэндийн яам коронавирусний вакцины үр нөлөөг хадгалахын тулд ирэх сараас эхлэн коронавирусний вакцины гурав дахь тунг хийхээр шийдвэрлэжээ. Гурав дахь тунг эхний ээлжид коронавирусний хоёр тун вакцинд бүрэн хамрагдсан өндөр настан болон асаргаа сувилгаа шаардлагатай байгаа хүмүүст хийх аж.

Цаашид хүн амынхаа дийлэнх хувийг коронавирусний эсрэг гурван тун вакцинд хамруулах аж. Герман улс бүүстэр вакцинаа mRNA арга буюу вируст тохирох эсрэг биеийг үйлдвэрлэх зааврыг хүний биед оруулах аргаар үйлдвэрлэсэн Америкийн Пфайзер, Германы Бионтех, Америкийн Модернагийн вакцинуудыг ашиглах юм байна.

Мөн уламжлалт буюу тухайн вирусийг сулруулан, хүн өвчлүүлэхгүй төстэй вирус бүтээгээд хүний биед оруулах аргад суурилсан АстраЗенека, Жонсон энд Жонсоны вакцин хийлгэсэн иргэддээ бүүстэр тунг уламжлалт бус аргад суурилсан Пфайзер, Модернагийн вакциныг хийх юм байна. Гурав дахь тунг хийх нь өвчин хүндрэх өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарч байгаа асрамжийн газрын хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах хүчин чармайлтын нэг хэсэг гэж Германы эрүүл мэндийн салбарынхан үзэж байна.

Герман улс өнгөрсөн оны 12 дугаар сард коронавирусний эсрэг вакцинжуулах аянаа эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 83сая гаруй хүн амынх нь 52 хувь нь буюу 43 сая гаруй хүн коронавирусний эсрэг вакцинд бүрэн хамрагджээ. Гэвч сүүлийн хэд хоногт тус улсад коронавирусний дельта хувилбар давамгайлсан халдварын тархалт нэмэгдэж, өдөрт дунджаар халдварын 2000гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ХБНГУ ирэх сараас коронавирусний гуравдахь тунг хийнэ   
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй