Шууд Chart

БНТУ ой хээрийн түймэр унтраахад дэмжлэг үзүүлж буй улсуудад талархал илэрхийлжээ

2021-08-05 14:02:06

Турк 30 орчим мужийн 137 газар нутагт өнгөрсөн 7 хоногийн лхагва гарагаас хойш ой хээрийн түймэр дэгджээ. Өнөөдрийн байдлаар өмнөд болон баруун өмнөд зарим мужид түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Энэ үеэр  БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган ой хээрийн түймэр унтраахад дэмжлэг үзүүлж байгаа улс орон, олон улсын байгууллагуудад талархал илэрхийлжээ.

Мөн Турк улсын засгийн газрын хүсэлтийн дагуу ой хээрийн түймэр унтраахад дэлхийн 73 улс орон, 10 гаруй олон улсын байгууллага техник, хүн хүчний дэмжлэг үзүүлж, Туркийн ард түмэнтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлсэн аж. Тэдгээрээс ОХУ, Азербайжан, Испани, Иран, Катар, Хорват, Украин зэрэг улсууд гал унтраах тоноглол бүхий нисдэг тэрэг илгээж, мягмар гарагийн байдлаар олон улсаас нийт нисэх онгоц 16, нисдэг тэрэг 51, 5000 гаруй гал сөнөөгч Турк улсад ирсэн байна.

Одоогоор далайн эргийн Анталья, Мугла зэрэг мужийн аялал жуулчлалын алдартай газруудад найман хэсэгт гал түймрийг цурамд оруулсан байна. Гэхдээ тус улсын өмнөд эрэгт Орен тосгоны ойролцоох дулааны цахилгаан станц галд өртөх өндөр эрсдэлтэй тулгарч, гал сөнөөгчид түймрийг станцад хүргэхгүйн төлөө бүх хүчин чадлаа дайчилж байгаа аж. Ой хээрийн түймрийг унтраах гэж байгаад гал унтраагч, орон нутгийн иргэн, сайн дурын гээд нийт 8 хүн түймэрт амь насаа алджээ. Мөн түймрийн бүсэд олон зуун иргэдийн орон гэр, мал аж ахуй түймэрт сүйдсэн байна. Тус улсын зарим иргэд ой хээрийн түймрийг бага дээр нь дарж чадалгүй, хяналтаасаа алдсан гэж засгийн газраа шүүмжилж байна.

Тус улсын гал унтраах анги нэгтгэл ой хээрийн түймэр асаж эхлэх үед агаараас гал унтраах анги нэгтгэлээ илгээх боломжгүй байснаа хүлээн зөвшөөрчээ. Сөрөг хүчний намууд нь засгийн газраа гал унтраах нисдэг тэрэг, техник хэрэгсэлд хөрөнгө зардаггүй, барилгын олон төслүүдэд хэтэрхий их төсөв зарцуулдаг, галыг бага дээр нь Өрнөдийн орнуудын тусламжийг авалгүй татгалзсан гэх мэтээр засгийн газраа буруутгаж байгаа юм байна.

Энэхүү түймрийг Туркийн орчин үеийн түүхэнд байгаагүй хамгийн их хохирол дагуулсан түймэр гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн. Одоогоор Туркт ассан түймрийн шалтгаан тодорхойгүй байгаа ч Газар дундын тэнгис болон Европын бүс нутагт сүүлийн өдрүүдэд цаг агаар хэт халж байгаа нь гал түймэр дэгдэхэд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНТУ ой хээрийн түймэр унтраахад дэмжлэг үзүүлж буй улсуудад талархал илэрхийлжээ   
Үзсэн: 1440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй